Өрөг нэвтрүүлэг энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа. Тэрээр Монгол улсын 2025 оны төсөв УИХ-аар хэлэлцэгдэж байх үед сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэж, төсвийн үргүй зардлуудыг эцэргүүцэж байсан гишүүдийн нэг юм. Түүнтэй төсвийн танаж болох зардлууд болон УИХ-ын гишүүний ажил хэрхэн өрнөдөг, хуулийн төсөлд ямар дарааллаар саналаа тусгадаг талаар ярилцлаа.
2025 оны төсөв тодотгол хийх нөхцөлтэй батлагдсан. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьлаа. Тэгэхээр бидэнд нь ирэх оны төсвөө үргүй зардлаас аврах боломж гарч ирж байна. Та бүхэн тодорхой санал тавьсан байгаа 3,6 их наядыг тодотгох боломж байна гээд. 3,6 их наядыг юунаас гаргах боломж байна, төсөв дээр өргүй зардлыг яаж харж байгаа вэ?
Бидний ярихгүй байгаа олон танаж болох зардал бий. Жишээ нь:
- Гадаад томилолтын зардал 111 тэрбум төгрөг
- Тавилга, урсгал засварт 287 орчим тэрбум төгрөг
- Бусдаар гүйцэлдүүлэх ажил үйлчилгээ 1,9 их наяд төгрөг
- Бараа үйлчилгээ, бусад бараа гэхэд нэг орчим их наядын зардал байна.
2022 ОНД 121 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАВИЛГА АВСАН. ЭНЭ ЗАРДАЛ ЭНЭ ЖИЛ ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДСЭН БАЙНА
Та дөрвөн гишүүний санаачилгаар төсөв нэлээн олон нийтийн анхааралд орлоо. Ерөнхий сайд, татварын ерөнхий газар, сангийн яам дээр өөрийн биеэр очиж төсвийн задаргаатай танилцсан. Яамдаас орж ирсэн сайд нарын төсөвт найдаад баталдаг юм уу?
Сайдууд өөрийн багцад саналуудаа оруулаад, түүн дээр нь Сангийн яам нэмж, хасаад багцлаад оруулж ирдэг. Би Сангийн сайдыг арай л сайхан сэтгэлтэй байна. Аливаа байгууллагуудын нягтлан, нярав харамч хүмүүс байдаг. Болж өгвөл мөнгө гаргахгүй гэдэг. Сангийн яам тэр бүх зардлыг хянаж баталж байгаа. Жишээ нь тавилга гэхэд 2022 онд 121 тэрбум төгрөгөөр тавигдсан. Хоёр, гурван жилийн дотор энэ тавилга муудсан ингэтлээ муудна гэж байхгүй. Дөрөв дахин нэмэгдсэн байна. Тэр тооцоо судалгаа юун дээр үндэслэж тавигддагийг бид мэдэхгүй. Элэгдэл хорогдлыг тооцдог байх гэж найдаж байна. Гэтэл гишүүдэд түүнийгээ ирүүлдэггүй. Бид нар тоо, нэр хоёртой л байж байна. Аль байгууллага ямар тавилга авах гээд байгаа юм, өмнөх нь яасан гээд тайлбар тооцоо нь тодорхой байх хэрэгтэй.
УИХ-ын гишүүдийг нэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нийгэм, эдийн засгийн үр өгөөж тооцоолол зэрэг өдий хэмжээний материал бүрдүүлж өгөхийг шаардах юм билээ. Гэтэл төсөв дээрээ зүгээр нэр тоо л тавьчихсан байдаг.
Төсвийн үргүй зардлыг эсэргүүцээд байгаа гишүүдийг сүүлийн хэлэлцүүлэг дээр попорлоо гэж шүүмжлээд байгаа харагдсан. Та бүхэнд төсөвтэй хангалтай танилцах хугацаа байсан уу?
Энэ жил төсвийн тухай хуульд эерэг өөрчлөлтүүд орсон. Төсвийн өргөн барих хугацааг нэг сараар урагшлуулсан. Есдүгээр сарын нэгнээс өргөн бариад гишүүд хоёр сар танилцсан. Бид төсвийн гүйцэтгэлийг мөн баталсан. Тэр үед би төсөвтэй анх танилцсан. Гүйцэтгэл гэдэг чинь аудитаас гаргасан дүгнэлтүүд, нөгөө талаар алдаа, зөрчил гээд. Түүн дээр бол маш том тоонууд байсан. Анхан шатны баримтгүй гаргасан мөнгө 250 тэрбум. Хугацаа нь дууссан, ашиглалтгүй, хэрэггүй бараа материал гээд 74 тэрбум. Би тэр үед л их гайхсан. Тэдгээр мөрөөр нь холбогдох байгууллагууд төсвийн ерөнхий захирагч, аудитор руу өмнөх оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуулт асуусан байсан. Би өмнөх оны төсвийн тодотгол хийх үед төсөвтэй танилцаж байхдаа зарчмын зөрүүтэй санал оруулах хугацааг өнгөрөөсөн учраас тодотгол дээр хасуулах санал оруулж чадаагүй. Миний хувьд сая тэр алдаагаа давтахгүйн тулд шат шатанд нь танах зардлуудаа гаргаад явсан. Тэр бүгдийг нийлүүлбэл нэг орчим их наядыг хасна уу гэсэн зарчмын зөрүүтэй саналаа өгсөн. Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр УИХ-ын чуулганд найдсан. Магадгүй миний оруулсан саналыг байнгын хороо дэмжээгүй ч чуулган дээр дэмжигдвэл хасагдана гэсэн үг. Гэхдээ дэмжигдээгүй.
ҮРГҮЙ ЗАРДЛЫГ ХАСАХ ТУХАЙ ХҮРГҮҮЛСЭН САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ НЬ ЦӨӨН
Яг энэ үргүй зардлыг хасах хэрэгтэй гээд зарчмын зөрүүтэй санал өгөхөөр хүлээж авдаг уу?
Бага юм байна лээ. Байнгын хороо дээр хэлэлцээд олонхоороо дэмжээд, хүч түрээд хувийн итгэл үнэмшлээрээ мэтгэлцэж байгаа нь ховор санагдсан. Төсвийн ерөнхийлөн захирагч тайлбараа хэлээд нам намаараа бодлогоо дагаад дэмждэг сэтгэгдэл надад төрсөн. Зүй нь бол хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө эрүүлээр мэтгэлцээд дэмжихийг нь дэмжээд явсан бол өнөөдөр ийм асуудалд хүрэхгүй байсан. Одоо цагаа тулахад гишүүд гэнэт тоогоо хараад гайхацгааж байна. Гишүүд өөрсдөө анзаараагүй, ийм юм болно гэж бодоогүй байх. Бид тангараг өргөсөн гишүүд. Их хурлын гишүүн болоод олон нийтийн эрх ашгийн төлөө гэж тангараг өргөсөн. Үүнээс өөр ямар ч эрх ашиг байх ёсгүй. Хамгийн эхний чуулганы хуралдаанаар би ерөнхий сайдтай мэтгэлцсэн. Яагаад нам, хувийн эрх ашгийн гэдэг үг ордог юм гээд. Засгийн газрын ажил бол олон нийтийн төлөө байх ёстой. Энэ хоёр үгээ авч хая гээд би дийлээгүй.
Өмнөх практикаас харахад төсөв 300-400 тэрбумаар танагдаж батлагддаг байсан байгаа юм. Танах ажлаа УИХ хийдэг байсан. Энэ удаа 126 гишүүнтэй боллоо. Тойргоос үл хамаарах 48 гишүүн нэмэгдлээ жинхэнэ эрүүл мэтгэлцээн явагдаад 300,400 тэрбум байтугай нэг их наядыг хасах атал эсрэгээрээ нэг ч төгрөгийн хэмнэлтгүй төсөв батлагдсан.