2022 оны наймдугаар сард нэгдүгээр ээлжийн байраа ашиглалтад оруулна гээд захиалга авч эхлэсэн Grand residence цогцолбор хороолол өнөөдрийг хүртэл ашиглалтад оролгүй, иргэд түрээсийн байранд мөнгө зарлагадаж, ах дүүсийндээ толгой хорогдсоор хоёр жил өнгөрлөө. Гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад ордог байр өнөөдөр өдрийн од шиг ховор үзэгдэл болчихсон. Бүр цаашлаад таваас дээш жил хүлээх, байр ч үгүй, мөнгө ч үгүй хохироод хоцрох нь бий. Тэгвэл байр худалдаж авахдаа юуг анхаарах ёстой талаар хуульч З.Тамир зөвлөлөө.
Энэ талаар байрны захиалагчид ярихдаа…
- Манай байрыг найман сард ашиглалтад орно гэж байсан юм. Тухайн үед үнэхээр л орохоор харагдаж байсан. Итгээд захиалгаа өгсөн. Ярих болгонд хоёр долоо хоногоор хойшлуулдаг. Захиалагч нар нь яаж ч чадахгүй. Хэл ам татлаад, янз бүр болохоор та хэд мөнгөө аваад яв гэдэг. 3.4 саяар зарсан байраа ашиглалтад орохоос нь өмнө 3.8 саяар зарчихна гээд шууд хүнийг хохироосон зүйл яриад байгаа. Байрны урьдчилгаа босгох гэж их зүйл болж байгаа шүү дээ. Цалингийн зээл авч байна. Ах дүү, аав ээжүүд тусалж байна. Байгаа зүйлээ зарж байна. Бүх зүйлээ өгчихсөн хүмүүс чинь ардаа амьдралаа зохицуулахад маш хэцүү болж байгаа юм. Түрээсийн байр, ах эгчийн байр гээд явна. Айлд удаан байх хэцүү.
- Над шиг хохирсон маш их хүн байгаа. Бид хэд нэг групп чаттай. Түүн дээрээ ярихад бүтэн жилээр, олон сараар хүлээчихсэн хүмүүс ч байгаа юм. Байраа борлуулахын тулд удлаа гэхэд нэг сар л болно. Хурдандаа хоёр долоо хоногийн дотор байр чинь ашиглалтад орчихно оо. Мөнгөө өгчих, ямар ч асуудалгүй гээд л хэлдэг. Ямар нэг асуудал үүсэхээр, урьдчилгаа таван хувийг чинь зүгээр өгөхгүй гэж байгаа юм. Таван хувийг нь бид авна. Урьдчилгаагаа аваад явж болно гэсэн тэнэг юм яриад байгаа юм.
- Байрны захиалгаа жил гаруйн өмнө өгсөн. Одоо би БЗД-ийн хажууд байр түрээсэлж амьдардаг юм. Түрээс нь сарын 1.5 сая төгрөг. Жил гаруй хугацаанд байраа хүлээгээд түрээсэлчихээр надаас 20-30 сая төгрөг зарлагадсан байна.
Бид гүйцэтгэгч компанийн захиралтай холбогдож асуудлын талаар тодруулахыг хүссэн ч утсаа авсангүй. Мөн борлуулалтын менежер гэх эмэгтэй тайлбар өгөхөөс татгалзаад дараах мэдээллийг хэллээ.
Тэрээр, “Манай барилгын гүйцэтгэл 99 хувьтай л явж байна. Жил гаруй хүлээж байгаа хүмүүс ч байгааг мэдэж байгаа. Халаалт авах гэж жаахан удаад, нэг сараас авсан. Яг хэзээ ашиглалтад орохыг хэлж мэдэхгүй. Бидэнд комисстоо орох гээд байна гэж дээрээс хэлсэн гэлээ.
ХУУЛИЙН МЭДЛЭГЭЭР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ХОХИРОХ ЭРСДЭЛ ЯМАГТ БИЙ
Бид асуудалтай холбогдуулан Монголын хуульчдын холбооны гишүүн, Хуульч З.Тамираас зөвлөгөө авлаа.
Тэрээр, “Захиалсан байрандаа, хугацаандаа ороогүй худалдан авагчид өөрийгөө хэрхэн хамгаалах талаар гэрээндээ тусгах ёстой. Жишээ нь хугацаандаа ороогүй бол алданг тооцож болдог. Үүнийг заавал гэрээндээ оруулах нь чухал. Мөн иргэд хугацаандаа орж чадаагүйгээс болоод өөр газар байр түрээслээд явж байгаа бол түрээсийн төлбөрийг дараа нь байрандаа орохдоо, нөхөн төлбөрт авах боломжтой. Гэхдээ үүнийг мөн л заавал гэрээндээ тусгасан байх шаардлагатай. Хэрвээ гэрээндээ тусгаагүй бол танд эрх зүйн хамгаалалт үйлчлэхгүй. Тиймээс иргэд анхнаасаа байр авах гэж байгаа бол өмгөөлөгч хуульчиас зөвлөгөө аваад, гэрээндээ өөрийгөө хамгаалсан заалт хийж хэвшихгүй бол тэр компанийн ард санхүүч, хуульч, өмгөөлөгч гээд маш том баг ажиллаж байгаа. Энэ багийн эсрэг хуулийн мэдлэгээр өөрийгөө хамгаалахгүй бол хохирох эрсдэл ямагт бий” гэлээ.