
Өглөө бүр ашигтай бактер ууж, эмчийн бичиггүй витаминууд хэрэглэж хэвших нь эрүүл мэнддээ анхаарч буй явдал биш, дархлаагаа сулруулж буй үйлдэл болох талаар ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг хэллээ. Учир нь витамины хэвийн бус хэрэглээ биеийн зохицуулгыг алдагдуулж, өвчлөмтгий болгодог байна. Мөн Б.Ариунхишиг эмч томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлж, хүндрүүлэлгүй эмчлэх талаар зөвлөлөө.
Тэрээр, “Төрснөөсөө хойш хүүхдэдээ ашигтай бактер уулгасан гэх эцэг эхчүүд их болсон. Сошиад маркетерууд ажлаа сайн хийж байна. Үнэндээ тэр бактер бидний идэж ууж байгаа зүйлсээс өөрөө бий болох ёстой. Байнга гаднаас нь юм хэрэглээд байхаар цаанаасаа бий болдог зүйл байхгүй болчихдог. Өөрөөр хэлбэл зохицуулга алдагддаг. Ингээд дараагийн хүндрэл бий болж, хүүхдүүд маш өвчлөмтгий болохоос гадна, дархлаа нь сулардаг. Тэгэхээр яг хэрэгцээтэй үед нь өгнө үү гэхээс, тогтмол хэрэглэж болохгүй.
ХҮҮХДЭД ЭМ БИШ АСАРГАА ЧУХАЛ
Одоо яг томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байгаа. Энэ нь ойролцоогоор аравдугаар сараас эхлээд, хоёр, гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Томуугийн зовуурь маш богино хугацаанд илэрч байгаад хатгаа болж хүндрэн амьсгалын дутагдалд оруулдаг. Энэ үед асаргаа сувилгаа маш чухал. 80 хувийг асаргаа, 20 хувьд нь таарсан эм тан уулгах хэрэгтэй. Хэрвээ өрхийн эмч антибиотик бичиж өгсөн бол уух л ёстой.
Сүүлийн үед эмийн сангууд жороор эм өгдөг болсон. Энэ бол маш зөв. Яагаад гэвэл ид ханиадны улиралд манайхан эмчид үзүүлэхгүйгээр шууд, “энэ ханиаданд аль нь сайн бэ” гэдэг. Хүүхдийг нь ч үзээгүй, эмч ч биш хүмүүс, “энэ сайн” гээд эмээ зараад байдаг. Одоо ашигтай бактер их уудаг болсон. Тэгэхээр хэвийн бактериуд нь байхгүй болчихдог. Улмаар хүүдийн дархлаа суларч, дараагийн өвчлөлд бэлэн болно. Ингээд л жаахан зүйл болов уу үгүй юу, ойрхон өвдөөд байдаг. Яг үнэндээ хүүхдэдээ тусад нь жаахан шөл, бантан хийж өгөөд, өнжөөд нэг усанд оруулах, шингэнийг нь барьж аваад ойрхон уулгаад байх юм бол хүүхэд хурдан эдгэрдэг. Манайхан тэгэхгүй. Аль сайн гэсэн витамин л аваад өгчихдөг. Мэдээж витамин хэрэгцээтэй үедээ хэрэгтэй. Витамин ч гэсэн эмчийн заалтаар хэрэглэх шаардлагатай. Тэгэхгүй солонгосын витамин маш сайн гээд л хэрэглэдэг. Ядаж л хэрэглэж байгаа хоол хүнс маань өөр шүү дээ.
СУУРЬ ЭМГЭГГҮЙ ХҮҮХЭД ЭДГЭРЭХЭД ДУНДЖААР НЭГ САР БОЛДОГ
10-аад жилийн өмнө тураалтай, цус багадалтай хүүхдүүд их байдаг байсан. Одоо эсрэгээрээ. Маш бандгар, мяраалаг, харшилтай хүүхдүүд ихэссэн. Манайхан хүйтний улиралд галаа түлнэ. Ингэхээр агаарын бохирдол ямар билээ. Шуугих тохиолдол маш их. Эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэж арай гэж нэг гайгүй болоод гэртээ гараад, 2-3 хоноод л буцаад ирдэг. Хэвийн эрүүл хүүхэд жилдээ 5-6 удаа зүгээр ханиад хүрч болно. Ямар нэг суурь эмгэггүй хүүхэд эдгэрэхэд дунджаар нэг сар болдог. Тийм байхад манайхан эмнэлэгт 5-7 хоночхоод, зүгээр болчихлоо гээд цэцэрлэг сургуульд нь явуулчихдаг. Хүүхэд бүрэн гүйцэт эдгэрээгүй байгаа шүү дээ. Орчилд 5-6 янзын вирус байгаа юм. Нэгээр нь өвдөөд ханиад авлаа гэж бодъё. Дархлаа сул байгаа юм чинь дараагийнхдаа өртөхдөө маш амархан байдаг” гэв.