Оюутнуудынхаа эрэгтэйг нь зодож, эмэгтэйг нь бэлгийн дарамтад оруулдаг КУДС-ийн захирал, Удирдах зөвлөлийн дарга Ж.Солонгын үйлдэл хэрээс хэтэрсэн талаар Өрөг.мн сайтын сурвалжлах баг хэд хэдэн мэдээ, сурвалжилга бэлдэж байв. Сургууль дээр нь очих бүрийд “ажилдаа дарагдаад завгүй байна” гэх шалтгаанаар бултах, эсхүл сурвалжлах багийг доромжилж хөөгөөд, хаалгаа тас хаан түгжихдээ гарамгай нэгэн. Үүний цаана “хэн ч захиралтай хариуцлага тооцож чадахгүй ээ” гээд хүчирхийллийг хүлцэхээс өөр аргагүйд хүрсэн олон зуун оюутнуудын эрх ашиг хөндөгдөнө.
Боловсролын сайд П.Наранбаяр саяхан их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, Дээд боловсролын хуульд заасны дагуу дотоод асуудлуудад нь оролцохгүй болохыг онцолсон. Ингээд “хүчирхийлэгч” захиралтай КУДС яамны харьяалалд багтахгүй. Өөрөөр хэлбэл яамнаас юу ч шийдэж чадахгүй.
Тэгвэл хууль эрх зүйн хүрээнд “хүчирхийлэгч” захиралд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцох ёстой талаар Монголын хуульчдын холбооны гишүүн, Хуульч З.Тамираас тодрууллаа.
-Оюутнуудаа хүчирхийлдэг нь баримтаар нотлогдсон хувийн өмчит дээд сургуулийн захиралыг ажлаас чөлөөлөх хууль эрх зүйн заалт бий юу?
-Opendatalab.mn нээлттэй өгөгдөл мэдээллээс харахад Кино урлагийн дээд сургууль нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байх бөгөөд ганц хувьцаа эзэмшигчтэй хувийн компани байна.
Тиймээс Ж.Солонго нь оюутнуудтайгаа зүй бусаар харьцдаг гэх гомдолд тухайн ямар зүй бус харилцаанаасаа хамаараад Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулиар зохицуулагдана.
Ж.Солонго нь оюутнаа зодсон, хүчирхийлсэн гэх тохиолдолд байгаа үед тухайн үйлдэлдээ дараах байдлаар хуулийн хариуцлага хүлээнэ. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан буюу 2 буюу түүнээс дээш удаа гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогч шууд цуцалж ажилтанг ажлаас халах боложмтой. Энэ бол хамгийн хүнд хэлбэрийн шийтгэл.
Мөн хөдөлмөрийн тухай хуульд ажилтан нь сахилгын зөрчил гаргавал өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах, нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах ,албан тушаал бууруулах зэрэг сахилгын арга хэмжээнээс аль нэгийг нь сонгож авч шийтгэл ноогдуулж болно.
Хуулийн хувьд үйлдсэн зөрчилдөө сахилгын шийтгэл авч болох хэдий ч Ж.Солонго нь өөрийн компанийнхаа цор ганц үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байх тул өөр өөртөө сахилгын шийтгэл ноогдуулахгүй болов уу.
-Ийм тохиолдолд оюутнуудын эрх ашгийг хэн, яаж хамгаалах вэ?
-Ж.Солонго нь оюутнуудаа зодож гэмтээсэн нь гэмтлийн зэргээсээ хамаараад эрүүгийн хуульд заасан бус Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээх боломжтой.
Гэмтлийн зэргийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч гэмтлийн зэрэг тогтоох журмыг удирдлага болгоод тогтоодог.
Хэрэв гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол Зөрчлийн тухай хуулиар хүний биед халдах эсхүл танхайрах гэсэн зүйлчлэлээр шийтгэл авдаг.
Дээрх 2 зөрчлийн шийтгэл нь хувь хүн бол 100,000 төгрөгөөр торгох шийтгэлтэй.
-Монголд ёс зүйн зөрчлөөр хариуцлага хүлээлгэх, албан тушаалаас огцруулж байсан жишээ бий юу?
-Ёс зүйн зөрчил гаргаад хариуцлага хүлээж байсан тохиолдууд манай улсад бий. Ихэвчлэн Хөдөлмөрийн тухай хуулиар компанийн ажилтан мөн төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч нар ёс зүйн хариуцлага хүлээдэг.
Оюутнуудын эрх ашгийг тухайн сургуулийн оюутны холбоо нь хамгаалах нь илүү үр дүнтэй гэж бодож байна. Тэрнээс биш хохирсон гэх оюутан түүний гэр бүл нь шүүх цагдаа гэж явж яваад нөлөөлөл үзүүлж чадахгүй.
Монгол улсад ёс зүйн зөрчилд иргэд cancel culture буюу нийтээрээ тухайн ёс зүйн зөрчил үйлдэгчийн үйлчилгээг авахаас татгалзаж эсэргүүцлээ илэрхийлэх юм бол энэ нь хамгийн чанга хариуцлага гэж бодож байна. Учир нь бизнесийн байгууллагын зорилго нь ашиг олох байдаг учир тэр зорилгод нь саад учруулах нь бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том айдас.
Өнгөрсөн удаад түүний хэрээс хэтэрсэн үйлдлүүдийн талаар оюутнууд дараах зүйлийг ярьсан юм.
- Ихэвчлэн бакалаврын оюутнуудад гар хүрдэг. Нэг ахыг саяхан зодсон. Тэр үед сэтгүүлчид ирээд ярилцлага авахыг хүссэн ч сургуулийн бүх камерыг унтраагаад, устгаад явчихсан. Дээд курсын ярилцлага өгсөн ах, эгч нарыг төгсөхийн даваан дээр хөөсөн гэх яриа бий. Би болоод манай ангийнхан хөөгдөх вий, зодуулах вий гээд маш их айдастай байдаг. Бас оюутнуудтайгаа зүгээр ярьж болно шүү дээ. “Новшнууд аа, малнууд аа” гэж харьцдаг. Багш нарыг хүртэл тэгдэг. Энэ багшаасаа ийм мэдлэг аваарай гэхийн оронд энэ авгай нараас ингээрэй тэгээрэй гээд л. Өмнө нь дээд курсын ахыг зодоход хүзүү нь урагдаад, нүд нь гэмтсэн байсан. Ээж, аав нь ирсэн ч захирал олдоогүй. Уулзаагүй.
- Манай ангид зодуулж цохиулсан зөндөө хүүхэд байгаа. Дуугүй л яваад байгаа. Би захиралтай муудалцаж байсан. Тэгэхэд захирал миний гарыг гэмтээж байсан юм. Одоо ч гар дээрх сорви байгаа. Шил хагалаад бөөн л юм болж байсан.
- Ганцаараа явж буй эмэгтэй оюутныг захирал өрөө рүүгээ дууддаг. Цэвэрлэгч нь байсаар байхад аяга таваг угаа гэх зэргээр маш их зардаг. Нөгөө ангийн нэг охин байгаа юм. Түүнийг өрөөндөө оруулж байгаад алгадсан гэсэн. Яагаад тэгснийг нь мэдэхгүй. Ганцаараа явж байгаа жижигхэн биетэй охидыг өрөө рүүгээ дуудаж мөөм, өгзгөнд нь хүрнэ. Зүгээр байлгахгүй. Байнга охидын гарнаас татаж бөгс рүү нь цохих гэж чичирдэг. Бэлгийн дарамтыг үнэхээр үзүүлдэг. Энэ үйлдлүүдийг нь манай сургуулынхан тэр чигээрээ мэднэ шүү дээ. Сургууль дээр хэрэг гараад цагдаа ирэх юм бол захирал хамгийн түрүүнд багш нарыг дагуулаад зугтчихдаг. Хаашаа зугтсан нь мэдэгдэхгүй маш хурдан алга болчихдог. Камер шүүе гэхээр сургуулийн жижүүр нь тогийг нь таслаад шалгах ямар ч боломжгүй болгочихдог. Маш муухай санаатай. Зөндөө сэтгүүлч, цагдаа нар ирлээ. Хариуцлага авч байгаа зүйл огт байдаггүй. Бухимдалтай байна.