Энэ оны байдлаар 27 хүүхэд хашаандаа болон, гудамж талбайд тоглож байгаад амь насаа алдсан талаар ЭЦА-наас мэдээлсэн. Үүний шалтгаан нь асран хамгаалагч хариуцлагагүй байгаагийн хажуугаар хотын захад өсөж байгаа хүүхдүүд тоглох зориулалтын талбайгүйтэй шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл гэр хороололд амьдарч буй хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хязгаарлуулж байна.
Үүний нэг жишээ Далан давхар оршуулгын газартай залгаа, машин бужигнасан гудманд бага насны хүүхдүүд олноороо хөл бөмбөг, хөөцөлдөх зэргээр тоглож буй явдал. Хүүхдүүдийн дийлэнх нь гадаа тоглох л гоё гэж байгаа ч тоглоомын талбайтай болохыг хүсдэг, гудманд тоглохдоо машинд дайруулах вий гээд айдаг талаараа хэлж байв. Томчуудад “хаягдсан” эдгээр хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй нөхцөлд байсаар байна. Өрөг.мн сайтын сурвалжлах баг Далан давхар оршуулгын газрын эргэн тойронд амьдарч буй хүүхдүүдийн талаар хоёр жилийн өмнө сурвалжилга бэлдэж байсан. Тухайн үед хүүхдүүд тоглох ямар ч талбайгүй байсан бол энэ жил тухайн газарт хоёр ч шинэ тоглоомын талбай, сагсны шийл байрлуулжээ. Энэ хэдийгээр сайн дүр зураг ч хангалттай хэмжээнд биш байгааг онцлох нь зүй. Учир нь хүүхдүүд уулын орой дээр шахуу байрласан сагсны шийд рүүгээ явахын тулд хогийн цэг мэт харагдах бохир, адармаатай замыг туулж зорилгодоо хүрнэ.
21 дүгээр зуунд, тэр тусмаа улсын нийслэл хотод ийм дүр зураг байна гэдэг үнэндээ эмгэнэл. Өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөж байгааг ч мэдэхгүй тэдгээр хүүхдүүд цугларах талбайтай болсондоо баярлаж байгаа тухайгаа хэлсэн тоос шороо, дайрдаг нохой, огцом уруудах машин тэрэгнээс айдаг тухайгаа ярьсан юм.
Хүүхдүүд:
- Гэртээ хоолоо идчихээд л гараад тоглодог. Байртай айлуудын гадаа байдаг шиг тоглоомын талбайтай болохыг хүсэж байна. Гудамжинд шороо шуураад л их муухай байдаг. Би машинд мөргүүлэх вий гээд их айдаг. Тоглоомын талбай хол болохоор гудмандаа л тоглодог.
- Тоглоомын талбай руу ганцаараа явахаас айгаад байдаг юм. Дандаа ахтайгаа ирдэг. Ойрхон тоглох газартай болохыг хүсэж байна. Найзуудтайгаа Алтан загас тоглодог. Гудамжинд тогловол хувцас муухай шороо болдог.
- Өвөл энэ замаар явах маш хэцүү. Дандаа халтирч унадаг. Гуталныхаа уланд халтирдаггүй хамер наачихаар арай дээр байдаг гэж өөрсдийн мэдэрч, хардаг таагүй зүйлсээ хуваалцаж байлаа.
Өнгөрсөн онд нийслэлийн стандарт хяналтын газраас нийт тоглоомын талбайн 60 хувь нь эрсдэлтэй гэх мэдээллийг өгч байсан. Мэдээж энэ асуудал нь хороо, дүүрэг, СӨХ-той шууд хамааралтай хотын захиргаанаас нэгдсэн арга хэмжээ авах нь оновчтой шийдэл юм. Реформ, шинэчлэл, хөгжил ярьсаар мөрөөдөлдөө сохорсон эрх баригчид ирээдүй болсон үр хүүхдээ хөсөр хаядгийн нэг жишээ бол тоглоомын талбайн асуудал эрхгүй мөн.
Тэгвэл чанарын шаардлага хангаагүй тоглоомын талбайгаас үүдэж гэмтсэн хүүхдүүдийн хэдэн кейсийг уншигч танд сануулъя.
Кейс 1
Гурван жилийн өмнө Баянгол дүүрэгт тоглоомын талбайн гулсуур унасны улмаас 12 настай охины гавлын яс цуурч, тархинд нь цус хурсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн үед ГССҮТ-ийн эмч нар охинд яаралтай эмчилгээ хийж, гавлын яс тайруулах мэс засал амжилттай хийсэн ч охин хоёр жил сургуульдаа явах боломжгүй болсон байна. Тоглоомын талбайг стандартын дагуу бат бөх бэхлээгүйн улмаас гэрийнхээ урд тоглох гэж гарсан нэгэн охин эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, хоёр жил үе тэнгийн хүүхдүүдтэй хамт сурч, тоглож чадаагүй аж.
Кейс 2
Нэгэн гэр бүлийн хүүхэд нь гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайн гулсуураас унаж гараа хугалж байжээ. Энэ нь тоглоомын талбайн стандарт шаардлагаас болж гэмтсэн байна. Тухайн хүүхэд хэсэг хугацаанд гам барьж, эмчлүүлжээ.
Кейс 3
Баянзүрх дүүргийн 14-р хороонд бага насны гурван хүүхэд бэхэлгээ муутай гулсуурт даруулсан осол гарсан байна. Осол гарахын өмнөхөн Сууц өмчлөгчдийн холбооноос гулсуурыг байршлаас нь хөдөлгөж үүнийгээ оршин суугчдад мэдэгдээгүй гэнэ. Ослын улмаас хүүхдүүдийн амь нас эрсдээгүй ч зургаан настай охины баруун гар хугарч, толгой, цээж, хөлөндөө зөөлөн эдийн бэртэл авсан байна