Төсөв 2025: Сангийн сайдын “Б” төлөвлөгөө
Өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаараар Эдийн засаг, хөгжлийн сайд Г.Түвдэндоржийг урьж ярилцлаа.
Нэвтрүүлгийг бүтнээр ЭНД дарж үзнэ үү.
Бид,
- Хулгай үүрлэсэн Хөгжлийн банк байх шаардлагатай эсэх,
- Монгол банк бодлогын хүүгээрээ зээл “боогоод” байна уу
- Тойрог дээр амьдрал ямар байна вэ гэх зэрэг сэдвийг хөндсөн юм.
Ингээд түүний ярианаас онцлох эшлэлүүдийг үзэгч танд хүргэе.
- 2023 оны эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарсан. Макро эдийн засаг тогтворжсон. 17% хүрч байсан инфляц долоон хувь хүрч буурсан байгаа. Валютын нөөц түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч 5,2 тэрбум болж өссөн. Монгол улс цаашид арван жилийн турш тогтвортой өсөлтийг хангах ёстой. Их өсөлт хэрэггүй, тогтвортой өсөлт хэрэгтэй гэсэн бодлого баримталж байгаа. Эдийн засагт хамгийн чухал асуудал нь банк санхүүгийн асуудал байдаг.
- Бодлогын хүү инфляцтайгаа уялдаж явах ёстой. Инфляц өндөр байвал бодлогын хүү өндөр байна. Тиймээс инфляцыг аль болох бууруулах бодлого баримталж байна. Эдийн засаг хөгжлийн яамнаас долоон хувьтай байгаа бодлогын хүүг дараагийн дөрвөн жилийн хугацаанд гурван хувьд хүртэл бууруулах, цаашид тогтвортой барих бодлого баримталж байгаа. Мөн бусад салбаруудаа тэтгэснээр эдийн засаг тогтвортой байна. Зөвхөн нэг салбараас хараат бус байх ёстой. Үүнд банк санхүүгийн реформ зайлшгүй хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд санхүүгийн хямд эх үүсвэр олох, 3-5 жилийн хугацаатай зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Эдийн засаг, хөгжлийн яам ажиллаж байна.
УЛААНБААТАР ХОТЫН 60 ОРЧИМ ХУВЬ НЬ ГЭР ХОРООЛОЛД, 18-19 ЗУУНЫ АМЬДРАЛААР АМЬДАРЧ БАЙНА
- Уул уурхайгаас орсон орлогыг бусад салбар болон өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх хоёр зам байна. Нэг нь төсвийн бодлого. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг төсвийн бодлогоор шийднэ. Нөгөөх нь бизнесийн салбарыг баялгийн сангаар дэмжих бодлого байна. Үүний дагуу гурван сан байгуулагдсан. Эдгээр сангийн орлогыг стратегийн ордуудаас бүрдүүлнэ. Бүрдсэн төсвөөрөө хамгийн яаралтай асуудлаа шийдвэрлэхэд ашиглана. Өнөөдрийн байдлаар тулгамдаж буй асуудал нь орон сууц байна. Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг зайлшгүй бий болгох хэрэгтэй. Улаанбаатар хотын 60 орчим хувь нь гэр хороололд, 18-19 зууны амьдралаар амьдарч байна.
- Олон улсын хөгжлийн банкны туршлагаас харахад бизнесийг дэмжих банкнууд нь төрөөс хараат бус байж, зөвхөн бизнестээ чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстой байдаг. Манай улсын төр өөрөө хөгжлийн банкаа байгуулж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн нь олон сөрөг үр дагаврыг бий болгосон.
- Жишээ нь төсвөөс санхүүждэг төслүүдэд зээл олгосон. Уг нь банк ашиг олох зорилготой цэвэр бизнесүүдэд зээл олгож цааш нь ажиллах ёстой. Хөгжлийн банк байх хэрэгтэй ч төр үүнийг эзэмших нь зохисгүй. Томоохон төсөл хэрэгжүүлэхэд манай дотоодын банкнууд урт хугацаанд санхүүжүүлэх чадвар байхгүй. Тиймээс гадаадаас хөрөнгө оруулалтын банкнуудыг оруулж ажиллуулах ёстой. Ингэснээр өрсөлдөөнийг бий болгоно.
ТӨР ТАТВАРААРАА ЭСВЭЛ ЗЭЭЛ АВААД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 94 төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. Эдгээрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр маш чухал. Гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж том төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Төр өөрөө татвараараа болон зээл аваад төсөл хэрэгжүүлэх боломж байхгүй.
- Төрийн тоглоомын дүрэм ил тод, нээлттэй, тодорхой байх хэрэгтэй. Ингэснээр хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийх, бизнесээ төлөвлөх, урт хугацаанд яаж ажиллахаа төлөвлөнө. Хэн ямар үүрэг хариуцлагатай вэ гэдгийг хуульчилж өгснөөр цаашид гарах эрсдэлээс сэргийлж буух эзэн буцах хаягтай болгож өгдөг. Ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхэд “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль” баталгаа болно. Тиймээс сайн төсөл гаргахад түлхүүр болж өгөх хуулийг баталсан.
- Би энэ нийгмийн эд эс нь учир тухайн нийгмийн амьдралыг мэднэ. Би гурван хүүхэдтэй эцэг хүн. Өдөр тутмын амьдралын асуудлууд хүн бүрд байдаг. 44 нас хүртлээ бизнесээ эхлэх гэж их зүтгэсэн. Өөрөө эрсдэл үүрч бизнесээ эхлүүлж, хэд хэдэн хүнд ажлын байр бий болгож явсны хувьд ямар асуудлууд тулгардаг вэ гэдгийг маш сайн мэднэ. Мөн төрийн байгууллагад ажиллах явцдаа бүх салбарын асуудлыг судалж шинжилж, эдгээрийг шийдэхийн тулд ажиллах ёстой. Надад хийх ажил их байна.