Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ХУД-ийн 100 гаруй ахмадыг үзлэгт хамрууллаа. Нийт ахмадын дийлэнх нь үений өвчлөлтэй, мэс засал хийх шаардлагатай болсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан хэлж байна.
Тэрээр, “Ахмадын үзлэгийн хүрээнд эрүүл дүүргийг бий болгохыг зорьж байгаа. Жишиг эрүүл дүүргийг бий болгож чадвал, алдаануудаа засаад улсын хэмжээний бодлого болгох зорилтыг тавьж байгаа юм. Цаашид ахмадууд болон эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудыг үзэх, мэргэжлээс шалтгаалсан үзлэгүүд рүү анхаарсан бодлого гаргах зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хөлийн чиг алдах нь өвдөгний үе өвчилсний шинж
Өнөөдөр үзлэгт хамрагдаж буй ахмадуудын дийлэнх нь үений үрэвсэлт бүтцийн эцсийн шатанд орсон буюу хиймэл үе хийлгэхээс өөр сонголтгүй болсон үедээ үзүүлж байна. Өвдөгний үенд өөрчлөлт орж байгаа, өвчлөл эхэлж байгаагийн шинж тэмдэг их ойлгомжтой. Өвдөх зовууриар эхэлнэ. Өвдөхдөө хэвтэж, сууж байх үед ч, ачаалал өгсөн ч зовуурь мэдрэгдэнэ. Үрэвсэл байх юм бол хавдах, улайх шинж тэмдэг илэрнэ. Хамгийн онцлог илрэх шинж тэмдэг бол хөлийн чиг алдах явдал. Үүнийг тэр бүр ажиглаж мэдэхгүй удаадаг. Энэ үед заавал эмчид үзүүлж арга хэмжээ авах шаардлагатай.
Үе солих мэс засал айх зүйл биш
Манайхан өвчин намдаах эмээ хоол шиг хэрэглэдэг. Удаан хугацаанд, хэдэн сар жилээр нь хэрэглээд явдаг асуудал их байна. Өвчин намдаах эмийг гурав хоног хэрэглээд өвдөлт зовуурь намдахгүй бол заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөөгөө аваад арга хэмжээ авах юм бол хүндрэлээс сэргийлэх боломжууд байна. Өвдөгнийхөө үеийг үзүүлээд хэдийгээр оношлуулчихсан, мэс засал хийлгэх шаардлагатай ч гэсэн мэс заслаа хийлгэхгүй олон жил явж байгаа тохиолдол их байна. Үүний гол шалтгаан мэс заслаас айх явдал. Нэгэнт бүтцийн өөрчлөлтөд орчихсон өвдөгний үенд мэс засал хийхээс өөр аргагүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Айгаад 4-5 жил явчихсан байдаг. Хүмүүс хиймэл үе суулгах мэс заслыг айхтар хүндээр төсөөлөөд байдаг. Гэтэл мэс засал хийлгэсний маргаашаас авхуулаад 00-руу орох гэх мэт ойр зуурын хөдөлгөөн хийж болно. 14 хоногийн дараа мэс заслын шарх бүрэн эдгэрнэ. Нэг сарын дараа гэхэд таяггүй явах, хэвийн амьдрал руугаа шилжиж эхэлдэг” гэлээ.