АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын TRUTH SOCIAL гэх медиа компани тун удахгүй олон нийтэд нээлттэй хувьцаад компани болж магадгүй байна. АНУ-ын үнэт цаас биржийн хороо өнөөдөр TRUTH SOCIAL компанийг Digital World гэх SPAC компанитай нэгдэхийг зөвшөөрсөн байна. Аль хэдийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, татан төвлөрүүлсэн хөрөнгөө ашиглан зорилтот компаниудтай нэгдэх үйл ажиллагаа явуулдаг компанийг SPAC төрлийн компани гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл TRUTH SOCIAL нь уламжлалт арга хэлбэрээр нээлттэй хувьцаат компани болохгүй, харин хэдийн IPO хийсэн компанитай нэгдэх замаар хувьцаагаа олон нийтэд санал болгоно оо гэсэн үг юм.
Ийнхүү SPAC төрлийн компанитай нэгдэх замаар олон нийтэд нээлттэй компани болох тренд одоогоос 2-3 жилийн өмнө ид эрчээ авч байсан. Тухайн үед уг нэгдэлийн ажил ч мөн яригдаж байсан юм.
Тодруулбал, одоогоос гурав орчим жилийн өмнө буюу 2021 оны аравдугаар сард Digital World компани Truth social компанитай нэгдэх тухай яригдаж эхэлж байсан. Нэгдэх тухай сургаар Digital World-ын хувьцааны нь ханш 400 хувь өсч байсан юм. Тухайн уед хэт өндөр өсөлт үзүүлж байсан тул арилжааг нь түр зогсооход хүртэл хүрч байсан аж.
TRUTH SOCIAL болон Digital World-ын нэгдэлийн үр дүнд 10 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий томоохон компани бий болно гэж шинжээчид таамаглаж байна. Энэ нь Х компанийн талтай тэнцэхүйц хэмжээ юм.
TRUTH SOCIAL компани нь анх 2022 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд нээлттэй, эрх чөлөө яриа хэлэлцүүлгийг дэмждэг нийгмийн мэдээллийн платформ гэх шошготой боловч Доналд Трампын шууд хараа хяналт доор байдаг гэх хардлага байдгийг үгүйсгэж болохгүй юм. Учир нь Доналд Трамп энэ жил дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.