Тав дахь сардаа үргэлжилж буй Израил, Хамас бүлэглэлийн мөргөлдөөн Улаан тэнгист цар хүрээгээ тэлээд байгаа юм. Үүний улмаас дэлхий дахинд нийлүүлэлтийн сүлжээний саатал үүсч, олон улсын худалдаа наймааны идэвх буурч байгааг томоохон худалдааны холбоодууд анхаарууллаа. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 100 гаруй худалдааны холбоодууд нэгдэж нээлттэй уриалга гаргажээ. Уриалгад Улаан тэнгис дэх зэвсэгт мөргөлдөөнийг зогсооход улс орнуудыг нэгдэхийг уриалжээ. Тэдний тооцоолсноор Улаан тэнгисийн тээвэр зогсонги байдалтай болсны улмаас 80 тэрбум ам.доллар бүхий ачаа бараа Сайн Итгэлтийн хошуугаар тойрохоос өөр аргагүйд хүрээд байгаа гэлээ. Үүний улмаас тээвэр 2-3 долоо хоногоор хоцорч байгаа юм байна. Үүнийг дагаад шатахууны хэрэглээ, ажилчдын хөлс гээд нэмэлт зардлууд ихээр гарч, цаашлаад дэлхий дахинд нийлүүлэлтийн доголдол үүсгэх, бараа бүтээгдэхүүний үнэ хөөргөдөх зэрэг эрсдэл үүсээд байгаа аж. Израил Хамасын зэвсэгт мөргөлдөөний дам нөлөө нь ийнхүү дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж эхэллээ. Улаан тэнгисийн тээвэр зогссон нь Йемений Хутичуудтай холбоотой гэж хэлж болно. Хутичууд нь Газын зурваст амь үрэгдэж буй Палестинчуудын төлөө хэмээн өнгөрсөн оны 11 сараас хойш Израил руу орох далайн тээврийг зогсоохоор Улаан тэнгисээр явж буй хөлгүүд рүү халдаж байгаа юм. Улаан тэнгис нь Ази, Европыг холбосон маш чухал бүс нутаг бөгөөд дэлхийн нийт худалдаа арилжааны 30 хувь нь Улаан тэнгисийн тээврээс шууд хамааралтай байдаг.