
АНУ болон Саудын Арабын Хант улсын эрх баригчид Саудын Арабд цөмийн эрчим хүчний дэд бүтэц хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсгээ зуржээ. Гэрээнд зааснаар Америкийн компаниуд Риядад цөмийн реакторууд болон цөмийн бусад технологиудыг нийлүүлэхээс гадна Саудын Арабд уран баяжуулах үйлдвэр барих боломжтой болох аж.
Саудын Арабын эрх баригчид дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд цөмийн эрчим хүчний дэд бүтцээ хөгжүүлэх шаардлага байгааг удаа дараа онцолж байсан ба ураны хүдрийн нөөцөө ашиглан газрын тосны экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлжээ. АНУ, Саудын Арабын байгуулсан уг гэрээг АНУ-ын конгресс батлах ёстой ба зарим шинжээчдийн үзэж байгаагаар Саудын Арабд уран баяжуулахыг зөвшөөрөх нь Ойрх Дорнодод цөмийн технологи тархах эрсдэлийг дагуулах тул Америкийн хууль тогтоогчид уг гэрээг тийм ч хурдан батлахгүй аж.







