"Д вирустэй иргэд" ТББ АТГ-ын гадаа шаардлага дэвшүүлэн хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд улсаас элэгний Б,Д вирустэй иргэдэд зарцуулахаар төсөвлөсөн 13,5 тэрбум төгрөгийг ЭМЯ үр ашиггүй зарцуулж, шударга бус тендер явуулсан бөгөөд төсвийн мөнгөөр гаж нөлөө бүхий тариаг худалдан авч байгаа хэмээж байна.
"Д вирустэй иргэд" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа:
-Монгол улсад элэгний Б, Д вирустэй 450 мянган иргэн байдаг. Тэднээс дельта вирус нь идэвхэжсэн 150 мянган иргэн бий. Тэдэнд уух эм ч байхгүй, тарих тариа нь ч байхгүй байгаа. Гэтэл ЭМЯ улсаас төсөвлөсөн 13.5 тэрбум төгрөгөөс 4.3 тэрбумыг оношилгоо, эмч нарын сургалт зөвлөгөөнд зарцуулсан буюу зориулалт бусаар ашигласан. Үлдсэн төсвийг зарцуулах эрхийг Илдэнгүн хошуу ХХК-д тендерийн хуулийг зөрчиж олгосон. Уг компани нь ХӨСҮТ-д оффис нь байрлалтай, ХӨСҮТ-ийн зөвлөх байсан Дагвадорж гэх хүний хувийн компани. Тэрхүү тендерийн мөнгөөр интерферон тариаг оруулж ирж байна. Гэтэл тэр тариа нь 80 хувийн гаж нөлөөтэй, сэтгэцэд нөлөөлдөг тариа юм. Манай улсад өдөрт 15 хүн, сард 450, жилд 5400 хүн элэгний Б,Д вирусийн өвчлөлөөр нас барж байна. Энэ бол хуучин сэдэв биш. Бүхэл бүтэн жилийн турш ЭМЯ-д энэ талаар хандаж байхад ашиг сонирхлын зөрчилтэй ийм шийдвэр гаргаж, төсвийн мөнгийг буруу зарцуулж байгаад бухимдаж байна. Бид олон улсад үр нөлөөгөөрөө хүлээн зөвшөөрөгдсөн Мирклудекс-Б тариаг авахыг шаардаж энд цуглаад байна. Хэрвээ ЭМЯ 2 дугаар сарын 13-нд бидний шаардлагад хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байна.
Өмгөөлөгч Б.Буянжаргал:
-Улсаас төсөвлөсөн мөнгийг зарцуулах тендерт шударга бусаар нэг компани давуу эрхтэй ялсныг шалгуулахаар бид хуулийн байгууллагуудад хандаж байна. Үр нөлөө сайтай, илүү үйлчилгээтэй тариа байсаар байтал олон улсад доогуур үнэлгээтэй тариаг 9.7 тэрбум төгрөг зарцуулан худалдаж авсанд иргэд бухимдалтай байна гэлээ.