Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйг тус улсын ерөнхийлөгч В.Зеленский солих гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлж буйгаар В.Залужныйг ерөнхийлөгчийн албанаас 1-р сарын 30-нд дуудаж, халагдах тушаалыг нь гаргажээ. Одоогоор албан ёсны тушаал гараагүй байгаа ч энэ долоо хоногийн сүүлээр энэ мэдээлэл баталгаажна гэж хэвлэлүүд эш татан мэдээлж байна. Kiev Independent тэргүүтэ Украины хэвлэлүүд энэ мэдээллийг бататгахаар оролдож байгаа боловч одоогоор тодорхой мэдээлэл олж чадаагүй аж.
Түүнчлэн нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлэл хоорондоо ялгаатай байна. В.Залужный 2021 оны долдугаар сараас хойш Ерөнхий командлагчаар ажиллаж байгаа. Зеленский, Залужный хоёр хоорондоо санал зөрөлдөөнтэй тухай мэдээлэл анх 2023 оны арваннэгдүгээр сард гарч байсан юм. Тодруулбал, Залужный 11-р сарын 1-ний өдөр “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Украин улс удаан үргэлжилсэн дайны урхинд орох аюултай гэж хэлж байсан юм.
Энэ ярилцлагаас хойш түүнийг ерөнхийлөгчтэйгөө таагүй харилцаатай тухай мэдээллүүд гарч эхэлсэн. Үүний дараахан Зеленский түүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж байсан юм. Төд удалгүй "Украинска правда" агентлаг 12-р сарын 4-нд Зеленскийг зарим цэргийн командлагч нартай харилцахдаа Залужныйг " тойрч өнгөрдөг " гэж мэдээлсэн нь нэрээ нуусан эх сурвалж нараас эш татсан мэдээлэл байв. Зеленский 12-р сарын 19-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий командлагч Залужныйтай "ажлын харилцаатай" гэж мөн тодорхойлж байсан юм. Түүнчлэн Зеленский хэвлэлийн бага хурлын үеэр "Залужный болон Украины Зэвсэгт хүчин фронтын бүх үйл ажиллагаанд хариуцлага хүлээнэ.
Тэнд шийдэх олон асуудал бий” гэжээ. 2023 оны арванхоёрдугаар сард явуулсан санал асуулгаар Украины иргэдийн 43 хувь нь Зеленский, Залужный хоёрын хооронд зарим нэг санал зөрөлдөөн байж магадгүй гэж үзэж байгаа ч ердөө 8 хувь нь нөхцөл байдал маш ноцтой байна гэж үзсэн байна. Мөн санал асуулгаар Залужныйд 92 хувийн итгэл үнэмшилтэй байгаа нь түүнийг тус улсын хамгийн итгэл хүлээсэн цэргийн удирдагч болгож, Украины иргэдийн дийлэнх олонх нь (72%) түүнийг солихыг зөвшөөрөхгүй байгааг харуулжээ.