Жессика Винсент гэх эмэгтэй хуучин барааны дэлгүүрээс нэгэн ваарыг 4 доллароор худалдаж авчээ. Ердөө л гэрийнхээ хаа нэгтээ тавина даа гэж бодоод авчхаж. Худалдаж авсныхаа дараа ваарыг сайн ажиглахад ёроолд нь нэр бичээстэй байжээ. Энэ нь ямар нэгэн бренд эсвэл хүний бүтээл байх боломжтой хэмээн таамаглаж интернэтээр судалгаа хийхэд уг ваар нь Италийн алдартай архитектур, загвар зохион бүтээгч Карло Скарпагийн 1940 оны "Pennellate" коллекцийн маш ховор бүтээл болох нь тогтоогдсон байна.
Уг ваарыг тойрсон хүрэн ногоон өнгийн оруулга нь будаг биш бөгөөд өөр өнгийн шилийг халааж, вааранд наах технологиор бүтээсэн тул шилэн урлалийн сонгодог бүтээлүүдийн нэг аж. Жессика Винсент Европын үнэт эдлэлийн дуудлага худалдааны бизнес эрхэлдэг хүнтэй холбогдож тухайн ваарыг дуудлага худалдаагаар 107 мянган доллароор худалджээ.