ТҮЦ-үүдийг нийтийн эзэмшлийн зай талбайгаас холдуулах захирамжийг дүүрэг бүр гарган өнгөрсөн оноос эхлэн ачиж эхэлсэн. Гэвч ТҮЦ-үүдийг ачсан зардлаа эзэмшигчээс авч эргэн өгч явуулдаг асуудал нь төсвийн мөнгө идэх арга байж болох талаар ТҮЦ эзэмшигчид хэлж байгаа юм. Тэд мөн амьжиргааны эх үүсвэрийг нь хориглож, хааж боож байгаад бухимдаж байгаагаа илэрхийллээ.
ТҮЦ эзэмшигч: "ТҮЦ-ээ ачихаараа нэг кран нь 500 мянгаас сая төгрөгөөр ачдаг. Тэгээд ачаад явчихлаа, бид нар ТҮЦ-ээ ачуулчихлаа гэхэд эргэж очоод ТҮЦ-ээ авна. Тэгэхээр ахиж тавьж болохгүй гэсэн гар хөлийн үсгээ зур гээд тамлана. Дээрээс нь мөнгөө тушаа гэнэ. ТҮЦ-ээ буцааж авахын тулд бид ачуулсан зардал болох нэг сая төгрөгийг өгдөг. Тэгэхээр ТҮЦ ачуулахад төсөвлөсөн мөнгө нь хааччихдаг юм. Бид нар зээлээс зээлийн хооронд миний юмыг ачсаных нь төлбөрийг би буцаагаад төлж байна. Тэгээд нийслэлээс авсан төлбөрөө тэд нар хаашаа хийчхээд байгаа юм. Тэр төсөв нь хаашаа орчихдог юм. Энэ ТҮЦ ачих чинь бас л төсвөө идэх гэсэн нэг л арга байхгүй юу. Түүнээс биш нэг муу ядарсан иргэд нэгэндээ ундаагаа зарна уу, халуун цайгаа зарна уу эд нарт ямар ч хамаа байхгүй" гэлээ.
Бид энэ асуудлаар СБД-ийн Хүнс худалдаа үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Амгалантай холбогдоход мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин ЧД-ийн Хүнс худалдаа үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Булгантай холбогдоход хуралтай байна гэж хэлээд дахин утсаа аваагүй билээ.
Мөн ТҮЦ-ийг татан буулгахтай холбоотой иргэдийн байр суурь ямар байгааг тодрууллаа.
Иргэд: "ТҮЦ иргэдийн хувьд бид нарт ч их зүгээр байдаг. GS25, CU-г бодвол арай хямдхан. Зарим байдаггүй юм нь ч гэсэн байдаг. Олон төрлийн хориг хийгээд л байна. Тэр хүмүүсийн дараагийн амьжиргааг нь яаж зохицуулах уу гэдгээ бодохгүйгээр шууд ийм шийдвэр гаргах нь буруу л байх. Яах вэ, хотын өнгө үзэмж талаасаа асуудал байгаа ч гэсэн стандартыг нь өндөрсгөөд цэгцтэй байхгүй бол дараагийн хүмүүсийн аж амьжиргааг л бодох хэрэгтэй байх. Тэр чинь нэлээн олон хүн байдаг байх. Би бас нарийн юмыг нь сайн мэдэхгүй л байна".
"Ядаж юм хум авахад ч амар шүү дээ. Үйлчлүүлэхэд ч амар. Өөрсдөө дотроо ширхгийн хоол зарчихдаг болохоор амар байдаг".
"Үүгээр чинь олон хүн амьдралаа залгуулдаг болохоор хэцүү байх. Тэр хүмүүсийнхээ ажлын байрыг л олохгүй бол хэцүү. Дээрээс бас чиглэл өгөөд тэгээд нэг газарт ажиллах гэхээр нөгөөдүүлийг чинь ажилд авдаггүй. Хэцүү л байх".