Тэрэлжид амрах нь Тайландад амрахтай бараг л ижил өртөгтэй байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Тэрэлжийн таван одтой зочид буудлууд дэлхийн хэмжээний тансаг зэрэглэлийн буудлуудтай ижил үнэтэй байгаа нь байгалийн цогцолбор газарт байрласантай нь холбоотой болов уу. Өөрийн хоолноос айлын хоол амттай гэдэг шиг аль ч орны хүнд гадаад оронд тухлах нь илүү таатай байдаг биз.
Тэгвэл тэрэлжийн амралтуудад амраад мордсон бусад орны аялагчид ямар сэтгэгдэлтэй байсныг гадаад вэбсайтаас орчуулан хүргэж байна.
Marstar0109: "Жилийн аль ч үед очиж үзэхэд тохиромжтой газар. Би нэгдүгээр сарын сүүлээр зочилж байсан. Үнэхээр хүйтэн, цас ихтэй, бас маш үзэсгэлэнтэй байсан. Эргэн тойронд үзэгдэх хүнгүй учраас тэр газар тэр чигтээ минийх юм шиг санагдсан. Амар амгалан, тайван. Нохой чаргаар гулгаж, хийд үзэж, Тэрэлж стар амралтад амарсан. Гайхалтай үзэмж, уулс, цас, сайхан дурсамж".
Sarfaraz: "Онгон дагшин, огт эвдрээгүй байгаль. Аялал жуулчлал сайн хөгжөөгүй. Өндөр зэрэглэлийн амралтын газрууд байдаг ч бид энгийн монгол гэрт байрласан. Цагаан хоолтонд зориулж хоолоо өөрчилж гаргадаг нь таалагдсан".
Alec C: "Таны төсөөлсөн шиг зэрлэг байгаль, уламжлалт нүүдэлчин амьдрал тэрэлжид байхгүй. Ялангуяа тэрэлжийн өмнөд хэсэг нь дутуу баригдсан барилгууд, хэт олон амралтын газруудаар дүүрснээс гадна энд тэндгүй хог хийсэж харагдана. Жаахан цааш явбал байдал дээрдэж эхэлдэг."
Misssjo: "Бид тэрэлжид нэгдүгээр сард -25 хэмийн хүйтэнд зочилсон. Цэнхэр тэнгэр, цастай уулсаар хүрээлүүлсэн маш үзэсгэлэнтэй аялал байсан. Монгол гэрт хоёр хоног амарсан. Долоо хоносон ч чадахаар байсан гээч".