Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Олимпын жил, мөн улсын аваргад түрүүлсэн тамирчид Парисыг зорих эрхийн тэмцээнд өрсөлдөх болно зэрэг олон онцлогтой тэмцээн юм. 1963 оноос эхлэлтэй чөлөөт бөхийн УАШТ-нд жингийн жинийн шилдгүүд зоо толгойлж барилдана.
2024 онд чөлөөт бөхийн тамирчдын хувьд "Парис 2024" олимпы эрх авах хоёр л тэмцээн үлджээ. Эхнийх нь ирэх дөрөвдүгээр сард Киргизстаны Бишкект Ази тивд өгөх эрхийн тэмцээн, хоёр дахь нь тавдугаар сард Туркийн Стамбулд болох дэлхийд эрх олгох ийм хоёр чансаатай тэмцээн болох ажээ.
Олимпын 12 жинд улсын аваргуудыг тодруулна
Эрэгтэй 6, эмэгтэй 6 жинд 2024 оны улсын аварга болсон тамирчин олимпын эрх авах тэмцээнд өрсөлдөх учиртай. Ингээд бид Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр, ерөнхий шүүгч Ю.Батсайхан нартай цөөн хором ярилцлаа.
Оны өмнөхөн Монголын чөлөөт бөхийн холбооны бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Олимпын жилд ямар бодлого чиглэл баримталж ажиллах вэ?
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр
Өнгөрсөн оны намар МЧБХ-ны удирдлага бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг бол 2023 оны есдүгээр сард албан ёсоор аваад тэгээд удахгүй насанд хүрэгчдийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд Белград руу долоо хоног гаран хугацаанд бэлтгээд явсан. Миний хувьд маш том туршлага болсон. Тус тэмцээнээс буцаж ирээд эх орондоо тав хоног өнгөрүүлсний дараа Азийн наадамд Ханжоу руу яваад аль аль тал дээрээ тодорхой хэмжээний амжилтыг манай чөлөөт бөхийн холбоо гаргасан байна.
Өмнөх оны насанд хүрэгчдийн ДАШТ-д чөлөөт бөхийн эмэгтэй, Азийн наадамд эрэгэй тамирчид амжилт дүүрэн оролцоод ирсэн. Өөрчлөлт шинэчлэлт юу байв?
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай охидууд маань багаараа дэлхийд гуравдугаар байранд орсон. Гурван мөнгөн медальтай. Азийн наадам дээр манай эрэгтэйчүүд маань дөрвөн медаль авсан. Нэг мөнгө, хоёр хүрэл медаль багаараа багууд дундаа хоёрдугаар байрт орсон ийм өндөр амжилтыг үзүүлсэн.
Ийм хоёр томоохон тэмцээний ард гарсан нь миний шинэ удирдлагын хувьд бас том туршлага болсон. Энэ удаагийн тэмцээнүүд дээр шинэ соргог зүйлийг бид нарын зүгээс туршиж үзсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бид нар мэргэжлийн тогооч дагуулж явж үзлээ. Нэмэлтээр массажист гээд өмнө нь явдаг байсан бүрэлдэхүүн дээр нэмэлт хүмүүсийг авч явж туршиж үзсэн. Энэ нь тодорхой хэмжээний үр дүн авчирсан гэж харж байгаа. Цаашдаа энийг үргэлжлүүлээд явах сонирхолтой байна.
2023 оны Сербийн Белградад болсон ДАШТ-д танай холбооноос ямар бодлого зангидаж ажиллав?
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр
Өнгөрсөн дэлхийн аваргын үеэр анх удаа бид түүхэндээ шууд дамжуулалтыг эх орон даяар зохион байгуулж хийсэн. Ер нь бол чөлөөт бөхийн спортыг бусдад хүргэх, сурталчлах, хүүхэд багачуудад идэвхжүүлэх тал дээр нэлээн бодлого хэрэгжүүлэх зорилго тавьсан байгаа болохоор энэ хүрээндээ бид нар үүнийг анх удаа зохион байгууллаа. Манай шинэ удирдлагуудын хувьд бол нэлээ шинэлэг шинэлэг гэх мэтийн санаануудыг хэрэгжүүлэх зорилго тавьсан ажиллаж байна.
Энэ оны олимпын эрхийн тэмцээний тухайд танилцуулна уу?
2024 онд олимпын эрх олгох хоёр тэмцээн чөлөөт бөхийн тамирчдыг хүлээж байна
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр
Эмэгтэй 50 кг, 68 кг-д Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа хоёр мөнгөн медаль авснаар олимпын эрхээ авсан байгаа. Тэгэхээр цаашдаа эрэгтэй, эмэгтэй нийлээд 10 жинд эрх авах ёстой. Эрхийн тэмцээн хоёрхон үлдчихсэн байна.
Нэг нь гуравдугаар сарын 19-24-ний хооронд Киргизстан улсын Бишкект болно. Азийн эрхийн тэмцээн, хоёр дахь тэмцээн нь бол дэлхийн эрхийн тэмцээн Туркийн Стамбул хотод тавдугаар сарын 9-11-ний хооронд зохион байгуулагдана. Тэгэхээр бид нар өнөөдөр болж байгаа улсын аваргаар түрүүлсэн тамирчид маань эрхээ аваагүй байгаа олимпын жингүүд дээр эхний Азийн эрхийн тэмцээнд явах бас их чухал ач холбогдолтой улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Улсын аваргаараа нэг онцлог нь бид дотоодын чансааг тогтоох зорилго тавьсан байна. Тэгэхээр жин тус бүрийн нэгээс 6-р байрын чансааны бөхчүүд энэ удаагийн улсын аваргаар тодорно.
Дотоодын өрсөлдөөнд зориулан ямар журам гаргасан бэ?
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр
Ер нь олимпын эрх авах тэмцээний өмнө дотоодын УАШТ, мөн олимпын эрх авсан тохиолдолд хэн гэдэг тамирчныг илгээх тухай асуудал маргаан байнга дагуулдаг байв. Харин манай холбооноос оны босгон дээр энэ бүх асуудлыг цэгцлэн журам гарган баталсан. Бүх зүйл бол яг тэр журам дээр буулгасан заалтуудын дагуу явагдана. Ингэхээр олимпын эрхийг дэлхийн аваргад финалдаж, мөнгөн медаль авсан тамирчин эрхээ авчихсан тохиолдолд олимпдоо шууд явна гэсэн заалтыг оруулсан байгаа. Тэгэхээр мэдээж манай Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа хоёр маань өнөөдрийн байдлаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнжөөд, өөрсдийн олимпын зоо толгойлох боломжийг ахиулахын тулд Хорватын Загреб хотод "Загреб опен" гээд эхний чансааны дэлхийн календарьт байдаг тэмцээнд яг улсын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцаад оролцож байна.
Чөлөөт бөхийн УАШТ-ийг хэдэн шүүгч шүүн ажиллах вэ? Шүүгчдийн бүрэлдэхүүний тухайд?
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг 39 шүүгч дэнслэн ажиллана
Ерөнхий шүүгч Ю.Батсайхан
Энэ жилийн улсын аваргаар Олон улсын шүүгч, холбооны зэрэгтэй шүүгч гээд нийт 39 шүүгч ажиллана. Тэгээд нийт гурван дэвжээн дээр хуваарилагдаад шүүгээд явна. Энэ жилийн тэмцээний онцлог бол Зүүн Азийн залуучуудын наадмаар ашигласан видео удаашруулалтын технологийг ашиглах гэж байна. Энэ нь болохоор маргаан гарсан барилдааныг гурван талаас нь үзэх мөн ордны том дэлгэцэн дээр тухайн агшныг гаргаж, бүгдээрээ харж байгаад шийдвэрээ гаргахаараа онцлог юм.
Тэмцээний өмнө шүүгчдийн ур чадварыг хэрхэн ямар системээр нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулдаг вэ?
Ерөнхий шүүгч Ю.Батсайхан
Томоохон тэмцээнүүдийн өмнө шүүгчдийн зөвлөлөөс шүүгч нарынхаа дунд сургалт байнга тогтмол зохион байгуулдаг. Тэр жишгээрээ шүүгч нарынхаа сургалт семинарыг бид зохион байгуулсан. Энэхүү семинарыг манай олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас зохион байгуулсан юм.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.