ОХУ-ын арми Мягмар гарагт Украины хоёр томоохон хотод агаарын цохилт өгч, таван хүн амь үрэгджээ. Энэ удаагийн дайралтад тэд пуужингаас гадна нисгэгчгүй онгоц ашигласан байна. Украины нийслэл Киев болон Харьков хотууд агаарын цохилтод хамгийн ихээр өртсөн ба 135 иргэн бэртэж гэмтсэнийг тус улсын дотоод хэргийн сайд мэдээллээ.
Украины ерөнхийлөгч В.Зеленский аврах ажиллагааг яаралтай эхлүүлсэн гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ удаагийн цохилт цахилгааны сүлжээнд ноцтой гэмтэл учруулсан тул нөхцөл байдал хүнд байна гэдгийг хэлсэн юм.
Он дөнгөж гарснаар ОХУ-ын цохилтууд эрчимжсэн. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин даваа гарагт Оросын Белгород хотод Украины арми цохилт өгсний улмаас 25 энгийн иргэн амь үрэгдсэн талаар хэлсэн. Тиймээс энэ халдлагынхаа төлөө Украин зүгээр өнгөрөхгүй гэж сануулж байсан юм. Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский Мягмар гарагийн халдлагын улмаас настай хоёр ч хүн амь үрэгдсэнийг тодотгож, ОХУ амь үрэгдсэн хүн нэг бүрийн төлөө хариуцлага хүлээх ёстойг телеграм хуудаснаа бичжээ. Түүнчлэн ард иргэддээ хандаж хийдэг ээлжит бичлэгээрээ В.Зеленский ОХУ-ын хийсэн сүүлийн гурван хоногийн халдлага нь олон хүнийг онилсон, өргөн хүрээг хамрах зорилготой дайралт байлаа гэсэн юм.
Оны өмнөхөн арванхоёрдугаар сарын 29-нд ОХУ-ын хийсэн дайралтын улмаас 39 хүн амь үрэгдсэн. Он гарахтай зэрэгцэж ОХУ пуужингаа нөөцөлж байна гэх анхааруулгыг Украины зүгээс сануулсаар байсан юм. ОХУ-ын хувьд Украины зүүн болон өмнөд хэсэгт багагүй газар хяналтаа тогтоогоод буй. Өөрөөр хэлбэл, удахгүй хоёр жил болох гэж байгаа энэ дайны төгсгөл ойрхон харагдахгүй байгааг шинжээчид анхааруулсаар байгаа.
Түүнчлэн өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн Украины сөрөг довтолгоог ОХУ-ын тал амжилтгүй гэж дүгнэсэн. Учир нь фронтын шугамд өөрчлөлт бараг л үүсээгүй байна. Украины хувьд барууны холбоотнуудынх нь тусламж, дэмжлэг маш чухал ач холбогдолтой. Гэвч тус улсуудын дотоод асуудал хийгээд бусад олон улсын сорилтуудаас болж ойролцоогоор 110 тэрбум ам.долларын тусламж Украинд хүрч чадалгүй, хойшлогдоод байна.