Богд ханы ордон музейн захиргаанаас жил бүрийн 12 дугаар сарын 29-ний эл өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойд зориулан ёслол хүндэтгэлийн цуврал арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил түүхт 112 жилийн ойн хүрээнд "Монголын тусгаар тогтнол ба үндэсний эв нэгдэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өргөн цар хүрээтэй 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан.
Мөн /2023.12.29/ хүндэтгэлийн арга хэмжээ;
-Гандантэгчэнлин хийдийн лам нар Ламын чодба хурж цогчод өргөв.
-Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн далбаа мандуулах ёслол
-Богд хааны сэрэг дүрд цэцэг өргөх ёслолын ажиллагаа
-"Эрх чөлөөний үнэ цэн" үзэсгэлэнгийн нээлт зэрэг арга хэмжээг Богд ханы ордон музейд тус тус зохион байгууллаа.
Төрийн соёрхолт, Түүхийн ухааны доктор, Богд судлаач О.Батсайхан
О.Батсайхан: 12 дугаар сарын 29-ний өдөр бол нийт монгол үндэстэн сэргэн мандсан өдөр
Бүгдэд нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 112 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
112 жилийн тэртээ Монголын XV дугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний морин цагт бүгдээрээ Бурханы шашны Богдыгоо Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, улсын цолыг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн, Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдсэн, Монгол улс дэлхий дахинд сэргэн мандаж байгааг "зарлан тунхагласан ийм баярын өдөр".
Тэр өдөр найман настнаас 80 настай буурлууд Их хүрээнд цугларч баярын нулимс унаган магнай тэнийтэл баярласан гэдэг. Энэ бол одоо нийт Монгол үндэстэн сэргэн мандсан өдөр юм.
Богд ханы ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар
Ц.Эрдэнэбаатар: Богд хан бол чингис хааны байгуулсан язгуурын их төрийг мандуулсан түүхт эрхэм байсан
Монголчууд та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 112 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Ямар их аз ерөөл, хувиар хаа байсан тэр Цастын оронд төрсөн хүн энэ Монголд ирээд шашныг мандуулахынхаа сацуу эзэн Чингис хааны байгуулсан язгуурын их төрийг мандуулж, бид бүхнийг өнөөдөр энд жаргалангаа дэлгэж, нэг баяраа тэмдэглэх шалтгаан хүндэтгэлийг нээж өгсөн юм даа гэж ингэж баярлаж, хөөрч явдаг даа. Энэ хүний суу билиг, Төрийн хүний нандин ухаан, олон зүйлсээс шалтгаалж, энэ Монгол улс, тухайн цаг үеийн Монголч эрдэмтэд, эзэн Чингис хааны үр сад, тэдний улсын хамгийн сүүлчийн он жилүүд болж байнаа гэж шагшиж, магадгүй зарим нь гуниглаж байх энэ цагт хэний ч санаанд оромгүй ийм гайхалтай үйлийг бүтээж энэ Монгол улсыг байгуулсан хүн бол яах аргагүй манай VIII Богд Монгол Улсын хэмжээгүй эрхт хаан Богд хаан юм.
Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн Ууган ач хүү, Тогооч Г.Тэнгис
Г.Тэнгис: Яг тусгаар тогтносон өдөр гэдэг нь Монголчууд заавал тэмдэглэх ёстой өдөр гэж боддог
Та бүхэнд баярын мэнд хүргэе. Өнөөдөр/2023.12.29/ бол бас их гоё өдөр болж байна. Богд ханы ордон музейд жил бүр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдрийг их өргөн дэлгэр тэмдэглэдэг. Жил ирэх тусам илүү их цар хүрээтэй гоё болж байна.
Энэ өдрийн хувьд Монголчууд бид тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан гэдэг нь өнөөдрийн энэ ардчилсан нийгэм, чөлөөт байгаа эх үүсвэр нь юм. Мэдээж Монголчууд эрээнтэй бараантай ялж явсан ч үе байна, бусад улсын мэдэлд байсан ч үе байна. Тэгээд яг тусгаар тогтносон өдөр гэдэг нь Монголчууд заавал тэмдэглэх ёстой өдөр. Монголчууд эл өдрийг шинэ жил, цагаан сараас илүү өргөн хүрээтэй тэмдэглэх ёстой баярын өдөр гэж боддог.
Монголчууддаа бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. Оны өмнөхөн 12-р сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан баяр болдог учраас та бүхэн энэ баяртайгаа хамтад нь тэмдэглэн өнгөрүүлээрэй гэж хүсье.