Олон нийтийн цагдаа нь иргэд, цагдаагийн байгууллагын холбогч гүүр юм. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад 145 олон нийтийн цагдаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
2021 онд нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагийн орон тоог 224 байхаар баталсан юм. Ингэснээр 205 олон нийтийн цагдааг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллуулсан байдаг. Мөн 2021 онд нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаагаар олон нийтийн газарт үйлдэгдэх гэмт хэрэг 7.7 хувь, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 7.3 хувиар буурч, гудамж талбайд үйлдэгдэх зөрчлийн илрүүлэлт 46.9 хувиар өссөн эерэг үр дүн гарсан нь судалгаагаар тогтоогджээ.
Олон нийтийн цагдааг ажиллуулах хууль зүйн үндэслэл нь Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтуудад тусгагдсан байдаг аж. Энэ нь цагдаагийн байгууллага орон тоогоо нэмж байгаа гэхээс илүү иргэдийн оролцоон дээр тулгуурлаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Олон нийтийн цагдаа нар цагдаагийн үндсэн чиг үүргийг шууд хэрэгжүүлэхгүй. Харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн санаа бодлыг авах, үйл ажиллагаандаа тусгах, цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд хүргэх чиглэлд ажиллах өөрийн гэсэн мөрдөх дүрэм журамтай, тавигдах шаардлагатай байдаг билээ.