Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дэргэдэх Тамирчдын комиссоос зохион явуулсан “Тамирчин 2023” цуврал хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа Олимпик хауст болов.
Үйл ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн, Тамирчдын комиссын Дарга Д.Отгондалай нар оролцож, нийт тамирчдад амжилт хүссэн байна.
Хөтөлбөрийн хүрээнд Дижитал дүр төрхийг хэрхэн бүтээх вэ? сэдвээр контент бүтээгч Ану Харчу, Спортын чиглэлээр суралцах боломжуудын талаар Х.Номинзул нар оролцогчдод мэдээлэл, туршлагаа хуваалцжээ.
Мөн тамирчид Уран ган фитнесс цэнтрийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтыг үзэж сонирхов. Түүнчлэн Фанкшенл фитнессийн тухай Азийн аварга Роки буюу Д.Доржнамжим болон Б.Марал-Эрдэнэ нарын танилцуулах сургалтад хамрагдсан байна.
МҮОХ-ны Тамирчдын комиссоос энэ онд тамирчдаа түлхүү дэмжих зорилгоор 5 багц үйл ажиллагааг амжилттай өрнүүлж, өнгөрсөн 6 дугаар сард Монголын тамирчдын анхдугаар форумыг зохион байгуулсан нь онцлох үйл явдал байлаа хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.