Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын даргалж буй эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтад оролцохоор ОХУ-ын Санкт Петербург хотноо хүрэлцэн ирсэн. Энэ үеэрээ ОХУ-аас Беларусь руу илгээж буй цөмийн зэвсгийн талаар мэдээлжээ.
Түүний мэдээлж буйгаар жил орчим хугацаанд үргэлжилж буй ОХУ-аас Беларусь руу цөмийн зэвсэг илгээх ажил энэ оны аравдугаар сард албан ёсоор дууссан гэсэн юм. Гэхдээ цөмийн зэвсгүүдийн байршлын талаар дэлгэрэнгүй мэдээлэхээс татгалзсан байна.
Александр Лукашенко нь ОХУ-ын цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулж байгаа нь Польшийн эсрэг зорилготой гэж тайлбарлаж байгаа юм. Анх энэ оны гуравдугаар сард ОХУ Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулна гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мэдэгдэж байсан. Энэ нь тухайн үед улс орнуудаас ихээхэн шүүмжлэл дагуулж байсан юм.