Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан болно. Тус барилдаан 12-р сарын 29-ний өдөр буюу баасан гарагт "Монгол бөхийн өргөө"-нд болох тов гарчээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан буюу өнгөрсөн жилийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах үзүүрлэж байв.
12 дугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо мануулсан өдрийн түүх сөхвөл;
1911 оны тухайн өдөр Монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулжээ. Тодруулбал, энэ өдөр Монголчууд тусгаар улс болж, язгуурын төр улсаа дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглаад VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулан сайд нарыг тохоон томилж ажилд нь оруулжээ. Өнөөдрийн Монгол Улс бол төр ёсны уламжлал хийгээд газар нутаг, өв соёл, үнэт зүйлийн хувьд энэхүү түүхийн шууд үргэлжлэл юм.
Ингэснээр Монголчууд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, 220 жил Манж Чин гүрний эрхшээлд байсныгаа эцэслэж, тусгаар тогтнолоо зарласан буюу албан ёсны нэршлээр бол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.
УИХ 2007 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тэмдэглэлт өдөр болгож, мөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд анх удаа албан ёсоор тэмдэглэж байлаа.
Улмаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29. хэмээсэн заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмж, энэхүү өдрийг нийтээр тэмдэглэх үндэсний баярын өдөр болгосон юм.