Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна.
Шинжээч: Манай улс БНХАУ-ын “Чалко Трейдинг ХонгКонг компанитай 2011 онд гэрээ хийн нүүрсний суурь үнийг 70 ам.доллароор тогтоожээ. Тус гэрээг 2011 онд байгуулсан ба урьдчилгаа 600 сая ам.долларыг хүүтэй нөхцөлөөр авсан байна. Энэхүү урьдчилгаа төлбөрийг 2023 оны зургадугаар сард бүрэн төлж дуусжээ. Уг компанид нийт 26,1 сая тонн нүүрс олборлож худалдаалжээ. Энэ нь 1,5 тэрбум доллар үнийн дүнтэй тэнцэхүйц нүүрсийг борлуулсан байна. 2013 оноос хойш гэрээг хэд хэдэн удаа өөрчлөн нүүрсний үнийг бууруулж тонн тутмыг 30 ам.доллар болгон бууруулжээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хэн таныг ЭТТ, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал болгосон бэ. Улс төрийн шахаа байсан уу?
ЭТТ, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: Улс төрийн шахаа байсан. 2010 оны зун Засгийн газраас шийдвэр гарч хөрс хуулалтаа эхэлсэн. 2011 онд нүүрс олборлолтоо эхэлж экспортлоход бэлэн болсон байв. Хоёр нам нийлээд хүний хөгжлийн санд мөнгө төвлөрүүл гэсний дагуу бид хүүтэй зээл авсан гэж хэлж болно. Мөн тухайн үеийн 30 гаруй УИХ-ын гишүүн залгаж ярин, дуудаж уулзаж байсан. Гэхдээ шууд хууль бус дүрэм журам зөрч гэж хэлж байгаагүй. “Чалко Трэйдинг Хонг Конг”-той ЭТТ, Эрдэнэс Монгол ХХК гэрээ байгуулсан. ЭТТ-оос нүүрс экспортлоход бэлэн байсан учир том хэмжээний гэрээ байгуулах шаардлага тулгарч "Чалко"-той гэрээ байгуулсан. 250 сая ам.долларыг урьдчилгааг авахдаа жилийн гурван хувийн хүүтэй нөхцөлтэйгөөр авсан. Гурван хувийн хүү гэдэг бол маш бага хүү. Ирээдүйд төлөх мөнгө үргэлж хүүтэй байдаг. Уг мөнгийг 2012 оны дөрөвдүгээр сар хүртэл төлөх байсан. Учир нь ЭТТ уурхайн нүүрс дөрөвдүгээр давхаргаас гуравдугаар давхарга руу орох байсан. 2012 онд намайг ажлаа хүлээлгэж өгөх үед 165 сая ам.долларын зээлээ төлчихсөн байсан.