"Ганвон 2024" залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод болно. 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд болох залуучуудын олимпт 70 орны шилдэг тамирчид спортын долоон төрөлд өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин медалийн эзэд тодорно.
Тус залуучуудын олимпт оролцохоор одоогийн байдлаар Монгол улсаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчны эрх албан ёсоор баталгаажаад байна. Тэгвэл саяхан Европын орнуудад эдгээр тамирчид хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцоод чансаагаа ахиулаад, туршлага хуримтлуулаад ирсэн. Өсвөрийн баг тамирчдын менежерээр ажилласан өвлийн олимпт хоёр ч удаа Монгол улсынхаа нэрийн өмнөөс оролцож явсан, цанын спортын ОУХМ Э.Очирсүрэнтэй ярилцлаа.
Саяхан Европын буюу Скандинавын орнуудаар Олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн маань өсвөрийн баг тамирчидтай яваад ирсэн. Тэгэхээр тухайн тамирчдын хувьд бол тэмцээнээс тэмцээний хооронд мөн чансаагаа ахиулах, мөн Залуучуудын өвлийн олимпын эрхийг авсан гэж сайхан мэдээ сонссон. Энэ талаар мэдээллээ хуваалцана уу?
"ГАНВОН 2024" ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМПТ ОРОЛЦОХ ТАМИРЧИД "LEGACY FOUNDATION" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААД ИРЖЭЭ
Цанын спортын ОУХМ Э.Очирсүрэн
Монголын гүйлтийн цанын тамирчид буюу өсвөрийн ангиллын тамирчид "Ганвон 2024" өвлийн олимпын наадмын 4 эрхийн болзол хангаад байсан. Яагаад байсан гэхээр 1 эмэгтэй эрх маань хүлээлэг рүү орсон байгаа. Тэгэхээр энэ чансаануудыг ахиулах зорилгоор Европын Швед, Норвеги орнуудаар хамтарсан бэлтгэл хийсэн. Хамтарсан гэдэг нь БНСУ буюу Өмнөд Солонгос улсаас Пёнчан "Legacy Foundation" гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд манай өсвөрийн 4 тамирчны зардал мөнгийг бүрэн даагаад, тэнд дасгал сургуулилт, бүх байр хоолыг нь хангаад, ингээд "оноо ахиулах" тэмцээнд Тайвань, Бразил, Солонгос, Монгол гэсэн дөрвөн орны тамирчид тэнд хамтарсан бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцож, оноогоо ахиулаад ирсэн байгаа.
Миний хувьд бол манай өөрийн хүүхэд тэнд явж байгаа учраас өөрийнхөө хүүхдийн дасгалжуулагчаар ажиллаж байсан тул хүүхдээ дагаад амжилт, бүтээлийг нь ахиулах зорилгоор ингээд хамт яваад менежерийн ажил хийж байгаад ирлээ.
ӨСВӨРИЙН ТАМИРЧДЫН УР ЧАДВАР, БЭЛТГЭЛ ӨНДӨР ТҮВШИНД ЯВЖ БАЙНА
"Ганвон 2024" өвлийн олимпт манай тамирчдын хувьд тэр дундаа гүйлтийн цанын спринт төрөлд хэр найдвар харагдаж байна вэ?
Цанын спортын ОУХМ Э.Очирсүрэн
Миний үеийн уралдаж явсан өсвөрийн тамирчин одоогийн өсвөрийн тамирчдын хувьд бол үнэхээр тэнгэр, газар шиг. Миний үеийнхтэй одоогийн өсвөрийн тамирчинтай харьцуулахад одоогийн тамирчид шигшээгийн тамирчин байсан юмуу, маш өндөр зэрэглэлд бэлтгэгдэж байна. Яагаад гэвэл энэ маань мэдээлэл технологи хөгжсөнтэй холбоотойгоор тамирчдын ур чадвар, техник , дагаад хэрэгсэл материал эдгээр нь бүгдээрээ хөгжсөн байна.
Одооны хүүхдүүд хэл устай ч болчихсон байна. Одоо орчин үеэ дагаад, энэ хөгжлөө дагаад, маш хурдацтай хөгжиж байна. "Тамирчдын ур чадвар бол нэлээн өндөр түвшинд яваа".
Ер нь бол найдахын хувьд одоо манай тамирчид гэвэл одоогийн байдлаар "Ганвон 2024" өвлийн залуучуудын олимпын наадамд 51 орны 160 тамирчин, эрэгтэй 80, эмэгтэй 80 тамирчин эрхээ аваад байна.
Энэ тамирчдаас 50-аас илүү хувийн амжилт гаргана гэсэн найдвар харагдаад байгаа. Тэгээд спринт зайн уралдаан явагдана. Тэгээд топ 30 руу орж чадах байх гэж бодож байна. Ямар ч байсан тамирчид маань нэлээн өндөр хэмжээнд бэлтгэгдэж байгаа.
Материаллаг бааз маш их чухал. Та нарын үед уралдаж байсан цаг үе одоо бол мэдээж эрэгсэл материал, цанын хувьд маш үнэтэй. Ялангуяа цанын тос, тосолгоо хэрхэн ямар техникээр зөв явагдах вэ гэх мэт. Тэгэхээр бол хэрэглэл материал, техник технологи маш хурдацтай хөгжиж байгаа учраас дагаад өсөж байгаа байх. Яг энэ өсвөрийн тамирчид дээр техник технологи талаасаа ямар мэргэжилтэн ажиллаж байгаа вэ?
ЦАНЫН СПОРТЫН ТОС ТОСОЛГОО ЦОГЦ ШИНЖЛЭХ УХААН БОЛОН ХӨГЖИЖ БАЙНА
Цанын спортын ОУХМ Э.Очирсүрэн
Сая явахад цанын шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах өөрөө цана тосолгоон дээр нь ажилласан. Цанын тос тосолгоон дээр ажиллаад тэгээд Солонгос багштай хамтраад, мэдээж цанын тосны брэндүүд болох Фишер, Старт, Свикс брэндүүдээр ороод өнөөдөр цаг агаар ямар байсан, өнөөдрийн цаг агаарт ямар тос таарах вэ гээд тэд нар өөрсдөө тест хийгээд, тест хийсэн тосоо зардаг байгаа. Тэр тосыг аваад манай Б.Ачбадрах бол технологийн дагуу тослоод ингээд явсан.
Ямар ч байсан одоо энэ цаг хугацаанд бол бид нарын үеийг бодвол үнэхээр бас дэвшилттэй болсон. Миний үед бол шигшээ багийн тамирчин байсан мөртлөө одоо энд байгаа цанануудаас унадаг байсан. Харин одоо энэ цанануудыг бол зүгээр сонирхогчид унаж байна гэх жишээтэй, ийм хурдацтайгаар хөгжсөн байна.
Залуучуудын өвлийн олимпын эрх авсан тамирчдын гурвынх нь эрх албан ёсоор баталгаажсан байна. Нэг эмэгтэй тамирчных хүлээлгэнд байгаа юм байна. Хэрхэн яаж баталгаажих вэ?
ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМП МОНГОЛЫН ТАМИРЧИД ЦАГААН ХУУДСААР БУС ЧАНСААГАА АХИУЛЖ АЛБАН ЁСООР ЭРХЭЭ АВСАН
Цанын спортын ОУХМ Э.Очирсүрэн
Одоо гүйлтийн цанаар бол 16 настай, он гараад 17-той болохоор Дархан-Уул аймгийн тамирчин Наранбатын Нандинцэцэг эрх авсан байгаа.
Мөн Булган аймгийн Тэшиг сумын харьяат Төрбатын Өсөх-Ирээдүй 17 настай хүү эрхээ авсан. Мөн Ариунжаргалын Хүслэн гээд миний хүү 17 настай ингээд гурван тамирчин одоогийн байдлаар эрх нь албан ёсоор баталгаажаад байгаа.
Мөн Архангай аймгийн тамирчин Жамъянжавын Уянгаа одоо бол эрх нь хүлээлгэнд байгаа мөртлөө энэ 16, 17-нд тэмцээнд оролцвол эрх нь урагшаа гараад ирэхээр ийм боломжтой. Ингэх юм бол хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй эрхээ авч байна гэдэг нь өөрөө бол энэ спорт маань яг тэд нар тамирчид маань оноогоо цуглуулж авч байгаа.
Хүмүүс бол одоо бас нэг буруу ойлголттой байдаг. Цагаан хуудсаар гэдэг юмуу, нэг тийм өршөөл ивээлээр ороод байгаа гэсэн нэг ийм ойлголттой байдаг. Тийм ойлголт бол байхгүй байгаа. Яг л одоо шигшээ багийн тамирчдыг дагаж бэлтгэл хийж байгаад, тамирчид маань өөр өөрсдийн хэмжээнд эрхээ аваад ингээд явж байна.
Тамирчид ойр ойрхон тэмцээн уралдаанд оролцох, хамтарсан бэлтгэлд хамрагдах тэр хэрээр ур чадвар, техник арга барил нь ахиж байдаг. Орчин үеэ дагаа хөгжиж байгаа болохоор тамирчид мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг болсон байх?
Цанын спортын ОУХМ Э.Очирсүрэн
Тамирчид маань бол өмнө нь их цөөхөн тэмцээнд орж байгаад, олимп руу шууд уралддаг байсан бол одоо 7 хоног бүр уралдаад, олон шигшээ багийн тамирчдыг дагаж бэлтгэлээ хийснээрээ тамирчид маань уралдах арга барил буюу Олон улсын тэмцээний дүрмийг хүртэл мэддэг болж байгаа.
Дүрмээ мэдэхгүйгээр өмнө нь уралддаг байсан бол одоо өсвөрийн тамирчид маань дүрмээ сайтар мэдэж аваад яг л шигшээ багийн тамирчдын хэмжээнд бэлтгэгдэж байна.
Ярилцсанд баярлалаа. Тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.