Би ийм гэрээ хийснээ санахгүй байна, ийм тендерт гарын үсэг зурснаа санахгүй байна, би ийм компанитайгаа санахгүй байна, би тэр болгон үйл явдлыг санахгүй байна…
Нүүрсний сонсгол дээр санахгүй байна, мэдэхгүй байна, тэр л мэднэ гэх үг магадгүй хамгийн олон давтагдлаа. Иймээс солонгосын олон ангит кино шиг мартах өвчтэй хүмүүсээр Өмнөговь дүүрчээ гэж хэлэхэд буруудахгүй.
Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль батлагдаж, хэрэгжсэнээр Хөгжлийн банкны сонсгол, өнөөдөр үргэлжилж буй нүүрсний сонсгол зэргийг хийх боломж бүрдсэн. Авлигачдын эсрэг нэг ч гэсэн аятайхан хуультай болсны ачаар бид өнгөрсөн 4 хоног Өмнөговь гэх аймаг, "дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж", жижиг ТТ цөлмөж байсныг баримттай мэдэж авцгаалаа. Гэхдээ эцсийн гэм бурууг шүүх тогтоогдоно. Нүүрсний сонсголын 4 өдрөөр буюу 32 цаг яригдсан зүйлийг 20 минутад багцлах гэж байна.
НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН ЭХНИЙ ӨДӨР
Эрдэнэс Тавантолгой ХХК-ны 4,1 хувь нь Энержи ресурс, 0,4 хувь нь жижиг ТТ. Үүний 51 хувь нь Өмнөговь аймгийн иргэдийнх буюу АИТХ эзэмшдэг бөгөөд 1999 онд ийм болсон юм. Гэтэл энэ 0,4 хувьд асар их мөнгө, асар их эрх ашиг орооцолдож 49 хувийг нь эзэмшдэг Ажнай Бат-Эрдэнэ ТУЗ-ийн дарга нь болжээ. Сонирхолтой нь түүнийг АИТХ хэн оруулж ТУЗ-ийн дарга болгохыг баталсан нь мэдэгдэхгүй байгаа юм. Үүнээс хойш мөн ГЗ-ууд нь Ажнайгийн хүмүүс байж. Энэ талаар тухайн үеийн аймгийн удирдлагууд нь санахгүй байна гэж мэлзсэн бөгөөд АИТХ протокол олдоогүй аж.
ГЗ-аар нь мэргэжлийн хүн томилдоггүй. Аймгийн ИТХ төлөөлөгч гэх мэт улс төрч хүмүүс томилж ирсэн байна.
Ажнай Бат-Эрдэнэ байхдаа амны нүүрсний үнийг 25 доллароор зарж, тэр нүүрсийг нь Ажнайгийн өөрийнх нь Тавантолгойтранс ХХК авч байжээ. Гэтэл тэд өөрсдөө болохоор үгүй ээ манайхаас нүүрс авах хүн олдохгүй байсан учраас аргаа бараад хямд өгдөг байсан гэв.
Архивын баримт бичгүүд олдохгүй байгаа. Бат-Эрдэнийг ТУЗ-д байх үеийн баримт бичгүүдийн ихэнх нь байхгүй. Гэтэл Бат-Эрдэнэ би ямар архивын ажилтан юм уу ашигтай ажилласан татвар төлсөн. Би хулгай хийгээгүй худлаа яриагүй гэв.
Бадраа нь өөрөө Бат-Эрдэнэтэй дундын компанитай, одоогийн Засаг дарга нь ч дундын компанитай туслах нь байсан хүн Засаг даргыг нь хийж байна. 2019 оноос эхэлж ЭТТ адилхан үнээр зардаг болжээ.
Энэ хүнийг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсон хурлын протокол нь байхгүй. Томилох санал хэнээс, хаанаас орж ирсэн нь тодорхойгүй. Тэр үед хурал даргалж байсан хүн нь санахгүй. Засаг дарга нь мэдэхгүй гэнэ. Ер нь энэ хүн яаж томилогдсоныг компанийн ТУЗ-ийн гишүүн, аймгийн ИТХ-ын гишүүн байсан хүмүүс нь санадаггүй. Бүгд ухаан мэдрэлгүй байсан бололтой.
Д.Бат-Эрдэнийн эргэн тойронд
1. “Тавантолгой” ХК-ийн хувийн хэвшлийн мэдлийн 49%-ийн 19.78%-ийг нь “Ажнай” корпораци эзэмшдэг. 51%-аа эзэмшдэг орон нутаг нь жижиг хувьцаа эзэмшигчээ ТУЗ-ийн даргаар томилсон.
2. Д.Бат-Эрдэнийн дараа түүний үеэл Б.Түвшинбаяр ТУЗ-ийн даргаар томилогдсон. Дараа нь бас Гүйцэтгэх захирлаар томилогдсон.
3. Д.Бат-Эрдэнийн туслах бас Гүйцэтгэх захирлаар томилогдож байж.
4. Аймгийн ИТХ дарга асан Сугирийн хэлж байгаагаар Д.Бат-Эрдэнэ нь ТУЗ-ийн дарга байхдаа нүүрсний үнийг зах зээлийн үнээс 2-3 дахин хямд зарж байсан. Тэгэхдээ өөрийн удирдаж байгаа компанийнхаа нүүрсийг өөрийн тогтоосон үнээр өөрийн эзэмшлийн компаниараа худалдан авч байж. Төрийн мэдэлд 51% нь байдаг компанийн бүтээгдэхүүний зах зээл дэх ханшаас хэд дахин доогуур үнээр зарж байсан гэхээр улс, орон нутагт эзэмшлийн хувьд нь хамаарах орлого, ашиг орох байсныг голоос нь цавчсан байх өндөр магадлалтай гэсэн үг.
Д.Бат-Эрдэнэ гишүүн 2009 онд ТУЗ-д орж ирээд 25 ам.доллароор зарж байсан нүүрсний үнийг гурван жил нэмээгүй. Д.Бат-Эрдэнэ гишүүнийг ТУЗ-ийн даргаар ажиллаж байх хугацаанд 14 сая тонн нүүрс борлуулсан байдаг. Үүний 60 гаруй хувийг нь Д.Бат-Эрдэнэ гишүүний компани худалдаж авсан байдаг. ТУЗ-ийн даргын компани маш бага үнээр нүүрс худалдаж авч урагшаа өндөр үнээр зарж байсан.
Шинжээчийн дүгнэлт хэрхэн гарсан вэ
Тавантолгой компанийн аудитлагдсан санхүүгийн тайлангаас үзэхэд, 2013-2022 онд 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Үүнийг 2015-2022 онд борлуулсан нүүрсний хэмжээ, ашиглалтын үйл ажиллагааны тайлан болон АМНАТ-ын тайлангийн дүнтэй харьцуулж үзэхэд 362.1 мянган тонноор зөрүүтэй байна. Борлуулалтын дүн пүүний программтай харьцуулж үзэхэд 3.7-4.5 сая тонноор зөрүүтэй байжээ.
Нүүрс худалдан авах гэрээ байгуулахыг 2014, 2021, 2022 онд Тавантолгой компанийн ТУЗ-ийн тогтоолоор зөвшөөрсөн байна. Бусад хугацаанд нүүрс худалдан авагчийг хэн хэрхэн шалгаруулж байсан нь тодорхойгүй.
2013-2022 онд 74.9 сая тонн нүүрс нийлүүлэх 610 гэрээ хийснээс 21.6 сая тонн нүүрсийг борлуулж нийлүүлсэн байна. 55.7 сая тонн нүүрс нийлүүлэх 503 гэрээг БНХАУ-ын хуулийн этгээдүүдтэй байгуулсан байна.
НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР
Энэ өдрийн сонсголд яригдсан хамгийн том аюул бол Өмнөговь аймаг Ханбогд сумын 457,3 га газраа Газрын тухай хууль зөрчиж, гадаадын ААН-д эзэмшүүлсэн нь ил болсон юм. Энэ нь Швед, Узбикистан, зэрэг улсуудын газар нутагтай дүйцэх хэмжээний газрыг гаднынханд тэр дундаа БНХАУ-ын иргэдэд өгсөн явдал юм. Монгол Улсын үндсэн хуульд бэлчээр, нийтийн эдэлбэр, улсын тусгай хэрэгцээнээс бусад газрыг зөвхөн МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ЭЗЭМШҮҮЛНЭ гэж заасан байдаг ба энэ хуулийг Ханбогд сумын Засаг дарга зөрчин газар олгожээ. Гэвч Засаг дарга Нэхийт өөрийн захирамжуудаа хууль бус биш гэв.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Өмнөговь аймгийн Ханбогд Засаг дарга Х.Нэхийтийн захирамж бүгд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр гаднын иргэн болон компаниудад өгсөн байна. Орон нутгийн газрыг гадаадын иргэдэд ямар хугацаагаар ашиглуулдаг вэ.
Өмнөговь аймгийн Ханбогд Засаг дарга Х.Нэхийт: Би гурван жил сумын Засаг даргаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд нэг ч гадаадын компанид газар олгоогүй. Цаанаа ямар хувь хувьцаа эзэмшиж байгаа нь газрын мэдээлэлд харагддаггүй. Гадаадын иргэд газрыг таван жилийн хугацаагаар ашиглуулдаг. Харин 15 жилээр Монгол Улсын иргэдэд эзэмшүүлдэг. Надад мөнгө авсан асуудал байхгүй гэв. Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Тавантолгой ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаанд тус компанийн хамаарал бүхий этгээдүүд компани байгуулж хямд үнээр нүүрс тээвэр аваад цаашаа өндөр үнэтэй борлуулж ашиг хийдэг талаар хөндөгдсөн. “Тавантолгой транс” компанийн 30 хувийг Д.Бат-Эрдэнэ, 20 хувийг Г.Дагвадорж, таван хувийг Д.Ганболд эзэмшдэг. 2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Мэргэнбаяр гүйцэтгэх захиралтай "Акмиконсалтинг” компанийн 50000 тн нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ хийсэн байна. ажилладаг "Акмиконсалтинг” ХХК-ийн холбоо хамаарлыг харахад их сонирхолтой юм гарч ирсэн.
НҮҮРСНИЙ СОНСГОЛ ГУРАВ, ДӨРӨВ ДЭХ ӨДӨР
Эхлээд Элгэн ХХК-ийн 2011-2023 оны тендер сонгон шалгаруулалтад хэрхэн оролцсон талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулав. Ингэхэд тус компани нь өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад 14 удаа шалгарч, 28.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Энэхүү 14 тендерийг шалгаж үзэхэд дараах зөрчил гарчээ.
- Тендерийн материал иж бүрдэл дутуу байна. Тодруулбал, нэг тендер хуульд нийцсэн. Бусад нь Тендерийн тухай хууль, журмыг хангахгүй байжээ.
- Бортээгийн хайгуулын өрөмдлөгийн ажилд 5.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. 2014, 2015, 2016 онд 6.5 тэрбум төгрөгөөс доошгүй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх гэсэн шалгуурыг тус компани даваагүй байна. Мөн төслийн удирдагч нь шалгуур хангаагүй.
- Цанхийн хайгуулын өрөмдлөг хийхэд 7.9 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Гэвч төслийн удирдагч нь мэргэжлээрээ 10 жил ажилласан эсэхэд баримт ирүүлээгүй. ШУТИС-ийг төгссөн гэх дипломын хуулбар ирүүлсэн ч харагдац муу байсан. Шинжээч: Сүүлийн 70 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх гэрээ нь Тендерийн хуулийн дагуу зохион байгуулаагүй. Төрийн нууцад хамруулаад зохион байгуулсан. Гэрээг цуцалж, ЭТТ ХК-аас АТГ-т хандсан юм байна.
- Тавантолгой ордын бусад хэсгийн хайгуулын өрөмдлөг хийхэд 9.2 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Төслийн удирдагч Ц.Ганхуяг нь гурван жилийн ажлын туршлагатай гэх материал илгээсэн нь журамд заасан таван жилийн шаардлагыг хангаагүй.
Нийтэд нь дүгнэж үзвэл, тендер шалгаруулалтыг хийхдээ баримт бичиг дутуу байхад, шаардлага хангаагүй компанийг шалгаруулж, гэрээ байгуулсан байна.
Элгэн ХХК-тай холбоотой асуудлын дараа Алс групп ХХК-ийн уурхайн нүүрсэд шинжилгээ хийхтэй холбоотой тендер шалгаруулалтад хийсэн шинжээчийн дүгнэлтийг танилцуулав. Уг компани ЭТТ ХК-ийн тендерт нийт 11 удаа шалгарч, 12.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнийг хянан шалгахад дараах зөрчлүүд гарчээ.
- 2012 онд 424 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн үед ижил төстэй гэрээ, гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй. Баримт бичгийг англи хэл дээр ирүүлсэн асуудал гарсан.
- 2013 онд 98.8 сая төгрөгийн болон 894.6 сая төгрөгийн гэрээг тус тус байгуулсан. Уг тендерийг эхлээд зарлахад тус компани материалын шаардлага хангаагүй учир татгалзсан. Хоёр дахь удаа зарлахад яг адилхан материал явуулсан байхад тендерийн гэрээ байгуулсан.
- 2018 онд 3.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн үед татварын өртэй байхад нь шалгаруулсан.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Нүүрсний дээжийн шинжилгээний "Алс групп" ХХК-ийн холбоотой асуудал хамгийн чухал. Хамгийн том нүүрсний хулгай бол ангилал хэмээн боддог. Өнгөрсөн хугацаанд долоон сая тонн нүүрсийг эрчим хүчний гээд 10 ам.доллароор зарсан байна. Хятад улс нүүрсийг найм ангилдаг. Гэтэл манай улс эрчим хүчний, исэлдсэн, хагас, бүтэн кокс хэмээн дөрөв ангилж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсээ ангилах тал дээр анхаарал хандуулах болоогүй юу. Нүүрсний ангилал хооронд асар өндөр үнийн зөрүүтэй. Танай компани нүүрснийхээ дээжийг хэдэн компаниар шинжлүүлдэг вэ. Эсвэл энэ компаниудын дээжийн шинжилгээний хариуг олон улсын лабораторид шинжлүүлж буй тохиолдол байна уу. Гэрээнд заасны дагуу эрчим хүчний нүүрс зарвал, гарах тутамд дээжээ баталгаажуулаад явах ёстой.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций сумын салбар уурхайн захирал Л.Доржсүрэн: "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2012 оноос өмнө Ашигт малтмалын газрын лабораториор нүүрсээ шинжлүүлдэг байсан. Түүнээс хойш хувийн компаниудаар нүүрсээ шинжлүүлдэг болсон. Уурхайгаас өдөртөө нүүрсний 35-40 дээж, сардаа 1,000-1,200 дээж шинжлүүлдэг. Өөрсдөө шинжилгээний лабораторитой болж дээж шинжилгээг гүйцэтгэхээр ажиллаж байна. Борлуулж буй нүүрсийг гаалийн баталгаат лабораториор шинжлүүлэх шаардлагатай байдаг. 2021 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний стандартыг шинэчлэх ажил эхлүүлсэн. Үр дүнд нь нүүрсийг Хятад улсад мөрдөгдөж буй найман ангилалд оруулсан. Харин уурхайгаас 3-4 төрлийн нүүрс гардаг.