Орос, Украины дайн эхэлснээс хойших хамгийн том нисгэгчгүй онгоцны цохилтыг ОХУ-ын арми Украины нийслэл Киевт өглөө. Нийт 75 “шахед” нисгэгчгүй онгоц хоёр талаас зэрэг дайрсан ба нийслэл Киевийг онилсон гэж Украины албаныхан мэдэгдэв. Украины агаарын хүчнийхэн эдгээр нисгэгчгүй онгоцны 71-ийг саатуулж чаджээ. Киев хотын цэргийн албаны хэвлэлийн төлөөлөгч Михайло Шамановын хэлснээр энэ удаагийн халдлага нь энэ сард хийсэн ОХУ-ын дөрөв дэх халдлага болж байгаа аж. Улмаар хоёр хүн бэртэж гэмтсэн нөхцөл байдалтай байна.
Мөн энэ удаагийн халдлага орон сууц, цэцэрлэг гэх мэт олон газрыг нурж, сүйдэхэд хүргэжээ. Тус улсын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр Киевт болсон энэхүү халдлагын улмаас цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, хотын төвд 77 орон сууц, 120 байгууллага цахилгаангүй болсон байна. Харин Украины эрчим хүчний DTEK компани Киев хотын бүх оршин суугчдыг эрчим хүчээр хангасан гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн өвөл ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцийг сүйрүүлэхийн тулд пуужин болон нисгэгчгүй онгоцны довтолгоог тасралтгүй хийсэн. Тухайлбал, Украины баруун хэсэгт орших Хмельницкий хот дайралтын байнгын бай болж, дэлбэрэлтээс үүдэлтэй цочрол нь бүс нутгийн дэд бүтэц, тэр дундаа атомын цахилгаан станцыг нь эрсдэлтэй нөхцөлд оруулсан юм.