2020 онд АНУ-д Дерек Шовин гэх цагдаа Жорж Флойд хэмээх залуугийн хүзүүн дээр өвдөглөж, улмаар Ж.Флойд амьсгалж чадахгүй амиа алдсан хэрэг гарсан. Энэ явдлаас хойш тус улс даяар “Хар арьстнуудын амьдрал ч үнэ цэнтэй” гэх түүхэн хөдөлгөөн өрнөсөн юм.
Тэгвэл Ж.Флойдын амь настай холбоотой хэргээр шоронд ял эдэлж буй Д.Шовин хүйтэн мэсийн халдлагад өртөж, ноцтой бэртсэн талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Хорих ангийн харгалзагч нар яаралтай арга хэмжээ авч, түүнийг эмнэлэгт хүргэсэн аж.
Энэ хэрэг дээд шүүх Д.Шовины давж заалдах хүсэлтээс татгалзсанаас хойш нэг өдрийн дараа болсон байна. Тэрбээр өөрт нь ногдуулсан 22 жилийн ялыг “шударга бус” гэж үзсэн билээ. Хэдий энэ хэргээс болж зөвхөн АНУ төдийгүй дэлхий даяар арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг томоохон хөдөлгөөнүүд өрнөсөн ч үүнээс болж Д.Шовинд олон жилийн ял ногдуулсан гэж зарим хэвлэлүүд шүүмжилдэг билээ.
Учир нь түүнийг Ж.Флойдын аминд шууд хүрсэн бус, түүний биеийн байдал муу байсан эсэх талаар шалгах хэрэгтэй гэж Америкийн консервативчууд маргадаг билээ.