Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна.
БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлж, цахим эдийн засгийн корридор байгуулахад шаардлагатай технологиудтай танилцаж, бодлогын шийдлүүдийг хэлэлцэв.
Монгол Улсаас Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Говь ХК, APU ХХК, Lhamour, Airee зэрэг үйлвэрлэгч компаниуд, Shoppy, Intelmind, Fibo Cloud, Erxes, Go Lab зэрэг технологийн компаниуд төдийгүй тээвэр ложистикийн тэргүүлэгч компаниудын нэг Ти Ай Ложистик ХХК төлөөлөгчид оролцож байна.
Бүс нутгийн цахим худалдааны сүлжээнд холбогдож, хамтын ажиллагааны боломж эрэлхийлэх зорилго бүхий тус айчлалын хүрээнд төлөөлөгчид Ant International, Alibaba-ийн төвөөр зочилж, цахим худалдааны экосистемийг хөгжүүлэх сургалтад хамрагдаж, Ханжоу хил дамнасан цахим худалдааны тусгай бүс, Freshippo хиймэл оюун ухаанд суурилсан, бүрэн автоматжсан супермаркет, Alibaba-ийн олон улсын цахим худалдааны ухаалаг агуулах Cainiao зэрэг байгууллагуудаар зочилж, туршлага судаллаа.
Мөн төлөөлөгчид цахим худалдааны экосистемд оролцогч 800 орчим компаниуд үзэсгэлэн гаргаж, 50,000 орчим зочид цугласан Global Digital Trade Expo-д оролцож, хамтын ажиллагааны санал солилцож байна.
CAREC International Innovation Conference үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын зөвлөх Б.Тэмүүлэн Монгол Улсад цахим эдийн засаг хөгжүүлэх “Mining to Mind стратеги болон бүс нутгийн хамтын ажиллагааны боломж" танилцуулж, Intelmind ХХК Гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр Ant Group, Taobao & Tmall Group, Haizol зэрэг БНХАУ-ын тэргүүлэгч цахим худалдааны компанийн удирдлагуудтай хэлэлцүүлэг өрнүүлсэн төдийгүй Gobi, Airee зэрэг байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж оролцлоо.
Айлчлалын үр дүнд Монгол Улсын цахим худалдааны экосистем бүрдүүлэх, олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж, импортын зардлыг бууруулах чиглэлээр төлөөлөгчид мэдлэг туршлага солилцож, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Мөн түүнчлэн оролцсон хувийн хэвшлийн байгууллагууд гадны түнш, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны яриа хэлцэл эхлүүллээ.