АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Хамас” бүлэглэл Израилийн барьцааны иргэдийг суллаж магадгүй байгаа талаар хэллээ. Тодруулбал, түүнээс нэгэн сурвалжлагч энэ үйл явц хэр нааштай байгаа талаар асуухад АНУ-ын ерөнхийлөгч “сайн үр дүн гарна гэж итгэж байна” хэмээжээ.
Олон улсын улаан загалмайн нийгэмлэг өмнөх барьцааны иргэдийг суллахад гар бие оролцож байсан. Энэ удаа тус байгууллагын тэргүүн Катар луу явж, Хамас бүлэглэлтэй уулзахаар болсон нь Израил иргэдийн хувьд сайн мэдээ болж байна. Нөгөө талд, Газын зурваст дахин нэг эмнэлэг Израилийн цохилтод өртсөн.
Түүнчлэн Ал-шифа эмнэлэгт эмчлүүлж байсан 31 дутуу төрсөн хүүхдийн 28-ийг нь Египет рүү явуулжээ. ДЭМБ эдгээр хүүхдийн 12-ийг нь цааш Каир луу явуулсан ба бүгд эрүүл мэндийн хувьд “маш хүнд” нөхцөл байдалтай байгаа аж.