Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүнээс 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг 11-р сарын 15-ны өдөр боллоо.
Ажлын хэсэг гурван удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг давхардсан тоогоор 10 гаруй удаа хуралдаж, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн талаарх холбогдох байгууллагуудын саналыг сонсож, нийт зарчмын зөрүүтэй 44 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй зургаан санал бэлтгэснийг тодотголоо.
• Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчмыг тодорхой болгожээ. Хөдөө орон нутагт амьдарч байгаа нохой, муурын асран хамгаалагч нь хот суурин газрын нохой, муурын асран хамгаалагч нь нэгэн адил сургалтад хамрагдах шаардлагагүй байхаар тусгалаа.
• Уугуул үүлдрийн нохойтой холбоотой асуудлыг зохицуулах дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгасан.
• Мөн төслийн асран хамгаалагч түр байрлуулан асрамжлах газар, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа нохой, муурын нэгдсэн бүртгэл гэсэн нэр томьёог оновчтой болгож холбогдох нэр томьёо, бусад зохицуулалтуудад найруулгын шинжтэй засваруудыг оруулсан.
• Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн найруулсан гэж байлаа.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Тухайлбал:
• Төслийн 2 дугаар зүйлд “Энэ хууль албаны нохойтой холбоотой харилцаанд хамаарахгүй.” гэсэн 2.3 дахь хэсэг, мөн төслийн 3 дугаар зүйлд “нохой, муур үржүүлэх” гэж нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэхийг” “нохой, муурын нэгдсэн бүртгэл гэж нохой, муурын асран хамгаалагч, нохой муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг”, “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж” гэж гэрийн тэжээвэр амьтанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийх, бичил чип суулгах, шаардлагатай тохиолдолд унтуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгжийг” гэсэн агуулгатай 3.1.8, 3.1.9, 3.1.10 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
• Мөн төслийн 6 дугаар зүйлд “Иргэн гэрийн тэжээвэр амьтны талаарх ойлголт авах зорилгоор сайн дураараа асран хамгаалагчийн сургалтад хамрагдаж болно.” гэсэн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлд “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хот, сууринаас бусад газарт энэ хуулийн 7.3-т заасан агуулга бүхий зөвлөмж, мэдээллийг өгнө” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
• Түүнчлэн төслийн 9 дүгээр зүйлд “энэ заалт нохой салхилах зориулалтын талбайд хамаарахгүй” гэсэн агуулгатай тайлбар, мөн зүйлд “Энэ хуулийн 9.2.3-т заасан үүрэг Монголын үндэсний уугуул үүлдрийн нохойн асран хамгаалагчид хамаарахгүй” агуулгатай 9.4 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн юм.
• Ажлын хэсгээс төслийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.1.4-т заасан нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журамд бичил чип суулгасан нохой, муурын асран хамгаалагчийн бүртгэл, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын бүртгэл, нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл, алдагдсан нохой, муурын бүртгэл зэрэг асуудлыг тусгах” гэсэн агуулгатай 10.7 дахь хэсэг, “Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна” гэсэн 10.8 дахь хэсэг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
• Мөн төслийн 23 дугаар зүйлд “Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй нохой, муурыг иргэн, эсхүл энэ хуульд заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд шилжүүлнэ” гэсэн 23.2 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.