Израил Газын зурвасыг үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байвал бүс нутгийг хамарсан дайн болно гэдгийг Ливаны Хэзбола бүлгийн удирдагч хэллээ.
Хэзболла бүлгийн дээрээсээ хоёр дахь албан тушаалтан Шейх Найм Куассем хэрэв тийм зүйл болбол хэн ч зогсоож чадахгүй хэмжээнд нөхцөл байдал хурцдахыг сануулсан байна. Газын зурваст амь үрэгдсэн хүний тоо 10 мянгад хүрсэн ба энэ байдлаараа цаашид энгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн халдлага нэмэгдсээр байвал “жинхэнэ аюул” нүүрлэнэ гэж тэрбээр BBC агентлагт өгсөн ярилулагдаа анхааруулсан юм.
Түүнчлэн ямар ч хурцадмал байдал үүссэн Израиль үүнд хариуцлага хүлээх ёстой бөгөөд хариуг нь заавал барина гэжээ. Ираны дэмжлэгтэй гэгдэх Ливаны Хэзболла бүлгийг АНУ, Их Британи, Арабын Лиг террорист бүлэглэл хэмээн үздэг. Хэдий Хэзболла бүлэг Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар анхааруулга удаа дараа өгсөн ч үйлдэл хийхдээ маш хянамгай байгааг шинжээчид хэлж буй.
Харин ням гарагт Израилийн цохилт Ливаны өмнөд хэсэгт нэг эмэгтэй, гурван хүүхдийн аминд хүрснээс болж Хэзболла бүлэг анх удаа мөргөлдөөнд “град” пуужин ашиглаж, Израилийн нэг иргэни аминд хүрсэн юм. Энэ байдал цаашид даамжирвал Хэзболла тэргүүтэй бусад бүлэглэлүүд ч Ойрх Дорнодын мөргөлдөөнд бага багаар татагдаж орох эрсдэл үүсгэж байна. Түүнчлэн Хэзболла бүлгийн тэргүүн Хассан Насраллах Ливанд амь үрэгдсэн хүн нэг бүрийн тоогоор хариуцлагыг нь нэхнэ гэдгээ сануулсан.
BBC агентлагтай хийсэн ярилцлагынхаа үеэр Хэзболла бүлгийн толгойлогчдын нэг өөрсдийгөө хамгаалах байгууллага гэж тодотгохыг оролдсон ч Израилийг устгах зорилготой гэдгийг нь шинжээчид мөн хэлдэг. Тодруулбал, 10-р сарын 7-нд эхэлсэн үйл явдалд тэд Израилийн буруутгаж, Газын зурваст амь үрэгдэж байгаа энгийн иргэдийн талаар голлон ярьсан ч угтаа энэ халдлагыг Хамас эхлүүлж, 1400 Израил энгийн иргэний аминд хүрсэн талаар огт дурдаагүй байна.
Арабын орнуудаас ялгаатай нь Хэзболла нь “террорист” бүлэг гэдгийг хэвлэлүүд ч тодотгодог. Тиймээс Хэзболла тэргүүтэй бусад террорист бүлэглэлүүд энэ мөргөлдөөнд татагдан оролцвол “гал зогсоож”, яриа хэлэлцээ хийхээс илүү мөргөлдөөний шинж рүү нь улам түлхэж, нөхцөл байдлыг хүндрүүлэх вий гэх болгоомжлол олон улсад хэдийн үүсээд байна.