1985 оны 11-р сарын 9-ний өдөр шатрын спортын ноён оргил, домогт Их мастер, Дэлхийн 13 удаагийн аварга Гарри Каспаров "Дэлхийн аварга" цолыг анхлан хүртэж байсан түүхтэй. Тэрбээр 22 насандаа Шатрын дэлхийн аварга цолны төлөө Анатолий Карповтой тоглож өрсөлдөгчөө хожсоноор "Аварга" цол хүртэж байв. Шатрын гарамгай Их мастер Гарри Каспаров оюуны спортод 20 жилийн туршид хаанчлалаа тогтоосон домогт эрхэм юм. Тэрбээр 1963 оны 4-р сарын 13-ны өдөр Азербайжаны Баку хотод мэндэлжээ. Түүний 22 насандаа 13 дахь "Дэлхийн аварга" цол хүртсэн нь дэлхийн шатрын 8 дахь аварга Михаил Талийн хамгийн залуудаа дэлхийд аваргалсан амжилтыг шинэчилж чадсан юм. Каспаров нь шатрын түүхэнд маш олон гайхамшигт амжилтыг тогтоосон бөгөөд тэдгээрийн нэг нь түүний 2005 онд тогтоосон оргил чансаа болох 2851 юм. Тэрбээр дэлхийн шатрын аваргаас гадна "Шатрын Оскар" хэмээх нэр хүндтэй шагналын эзэн билээ.
Гарри Каспаров 1985-2000 оны хооронд дэлхийн шатрын аварга байсан бөгөөд 2000 онд дэлхийн 14 дэх шатрын аварга Крамнизкт хожигдсоноор шатрын хааны суудлаас буужээ. Гэсэн хэдий ч энэ хожигдол нь түүний шатрын ертөнц дэх ноёрхолд төгсгөл тавиагүй юм. Тэрбээр 2000 оноос хойш 2007 онд зодог тайлах хүртлээ шилдэг их мастеруудын тэмцээнд үргэлж дээгүүр байранд орж байсан бөгөөд ихэнх тэмцээнд түрүүлж байлаа.
Каспаров 2014 оны 2 сарын 27-нд Хорват улсын иргэн болсон байдаг. Каспаровын эцэг эх нь шатар тоглох дуртай байсан бөгөөд сонинд нийтлэгдсэн шатрын бодлого боддог байжээ. Ингээд Гарри тэднийг сонирхож байгаад нэг удаа таван настай байхдаа зөв шийдлийг санал болгосон байна. Үүний дараа түүний аав шатар гүнзгий зааж өгсөн байна. Гарри долоон настайгаасаа эхлэн Баку хотын Пионерын ордонд шатрын хичээл заалгаж эхлүүлсэн бөгөөд түүний анхны дасгалжуулагч нь мастер Олег Исаакович Привороцкий байжээ.
Арван настайдаа Вильнюс хотод болсон залуучуудын тэмцээнд мастер Александр Никитин Гарритай уулзаж танилцаад түүний дасгалжуулагч болжээ. 1976 он хүртэл Никитин үе үе зөвлөгөө өгч, бичгээр даалгавар өгч, дараа нь тэд байнга хамт багаар ажиллаж эхлэв. 1981 оны 12-р сард арван найман настай Каспаров Фрунзе хотод болсон ЗХУ-ын АШТ-д аварга цолыг Лев Псахистай хуваалцаж, тус улсын түүхэн дэх хамгийн залуу шатрын аварга болсон түүхтэй.