Ойрын өдрүүдэд олон нийт, үзэгчдийн дунд "Шар гэгээ" МУСК маш сайхан бүтээл болсныг амнаас ам дамжин ярьж, олон нийтийн оюуны цангааг тайлахын зэрэгцээ ёстой л нэг кино урлагийн ертөнцөд шуугиулаад байгаа билээ. Уг бүтээл нь Оранж энтертайнмент, Рэд Пойнт медиа, Промикс саунд продакшны хамтын бүтээл Монгол Улсын Төрийн шагналт, СГЗ, Сэтгүүлч, Яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол юм. Тэгвэл Оранж энтертайнментаас 2 цагийн өмнө албан ёсны пэйж хуудсандаа тус бүтээлийг 11-р сард "Бүтээлч сар"-ын хүрээнд Соёлын яамнаас ямар ч зөвшөөрөлгүйгээр, нэг төгрөг ч уран бүтээлийн багт төлөлгүйгээр хөдөө орон нутагт гаргаад байна хэмээн мэдэгдэл хийсэн.
Харин бид энэ талаар Соёлын яамнаас тодрууллаа.
Соёлын Яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг: Яамнаас энэ асуудлаар зохих хүмүүстэй нь холбоо тогтоолоо. Бид ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар хэн нэгний оюуны өмчийн бүтээлд зүй зохисгүйгээр хандахгүй. Албан ажилдаа ч энэ талаар нягт тусгаж, орон нутагт тухайн бүтээлийг гарга гэсэн чиглэл өгдөггүй. 10-р сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёлын төвийн гадна "Шар гэгээ" МУСК-г гаргана гэсэн зар тавьсан байна. Ингээд албан ёсны зөвшөөрөлгүй гэдгээ мэдмэгцээ тухайн зарыг удалгүй буулгаж авчээ. Асгат сумын Соёл урлагийн газрын дарга н.Золхүүтэй бид холбогдож уг асуудлыг тодрууллаа гэсэн юм.
Ингээд Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёл урлагийн газрын дарга н.Золхүүтэй утсаар холбогдож тодорхой мэдээлэл авах гэсэн боловч холбогдох боломжгүй байв.