Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Гастроэнтерологийн дурангийн багийн эмч нар нь мэс заслын баг, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн багтай хамтарч Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран болон хоол боловсруулах замын дурангийн хамтарсан ходоодны салстын доорхи хавдарыг тайрах хослуулсан мэс заслыг амжилттай нэвтрүүлж, анхны өвчтөнд мэс заслыг хийлээ.
Гастроэнтерологийн төвийн дурангийн эмч Т.Тэмүүжин мэс заслын үеэр “УНТЭ нь Гастроэнтерологийн төв нь Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран, ходоодны дурангийн тусламжтайгаар ходоодны салстын доорх хавдрын үүсгэврийг тайрах мэс заслыг энэ онд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байсан. Бид энэ зорилтдоо хүрч, анхны мэс заслаа амжилттай хийлээ. Энэхүү мэс засал хийгдсэнээр ходоодны ханын цусан хангамж сайжрахаас гадна өвчтөний амьдралын чанар илүү сайжрах боломжтой юм. Нээлттэй мэс засал хийснээс илүү үр дүнтэй, хүндрэл багатай. Цаашид манай төв LECS мэс заслаар бүдүүн гэдэсний салстын доорх хавдартай, ходоодны салстын доорх хавдартай иргэдэд мэс засал хийхээр төлөвлөн ажиллаж байна” гэдгийг онцоллоо.
Үүнээс гадна мэс заслын багт ажилласан УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын эмч С.Түдэвдорж хэлсэн үгэндээ “Дурангийн тусламжтайгаар хийгддэг энэ мэс заслын аргыг анх 2008 онд дэлхий дахинд хэрэглэж ирсэн. Хөнөөл багатай, өвчтөнд ил, том шарх үлдээхгүй, зовуурь багатай тус мэс заслыг нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн бөгөөд энэ онд бид эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлж, анхны өвчтөндөө мэс заслаа хийсэн. Өвчтөний биеийн байдал сайжирсан бөгөөд эмнэлгээс гарсан.” хэмээлээ.