Алдарт “Найзууд” цувралын Чэндлр Бингийн дүрээр дэлхийд танигдсан жүжигчин Мэтью Перри 54 насандаа таалал төгслөө. Цагдаагийнхны мэдээлснээр тэр Лос-Анжелес дахь гэртээ жакузид нас барсан байдалтай олдсон байна.
Түүний ойр хавьд мансууруулах бодис байгаагүйг албаныхан мөн мэдэгдээд одоогоор үхлийн шалтгаан тодорхойгүй байна гэжээ. Харин зарим хэвлэлүүд живсэн байж болзошгүй гэж мэдээлж байна.
Түүний товч намтар
Мэтью Перри нь 1969 оны наймдугаар сарын 19-нд АНУ-д мэндэлсэн ба Канадын Оттава хотод бага нас нь өнгөрчээ. Тэрбээр одоогийн Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой нэг бага сургуульд сурдаг байсан ба түүний ээж Жастин Трюдогийн аав, тухайн үеийн Канадын ерөнхий сайд Пьер Трюдогийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан аж.
Түүний аав Жон Беннет Перри нь мөн жүжигчин, загвар өмсөгч байсан ба Мэтью Перри урлагт өсвөр наснаасаа л хөл тавьжээ.
Мэтью Перри 1980-аад оны сүүлээс эхлэн хэд хэдэн цувралд дүр бүтээсэн ч 1994 онд эхний анги нь цацагдсан “Найзууд” цуврал түүний карьерын оргил үе юм. Тус цуврал нь дэлхий дахинд сая сая үзэгчдийн хамгийн дуртай бүтээл болж, гол дүрийн зургаан жүжигчин нэг ангиас 1 сая ам.долларын орлого олох хүртэл амжилттай байсан билээ. Гэвч тэрбээр 1997-2001 оны хооронд эрүүл мэндийн томоохон асуудалтай тулгарсан ба согтууруулах ундаа, мансууруулах бодист донтож, цувралын зарим бүлэгт яаж жүжиглэснээ санадаггүй талаараа хэлж байсан удаатай.
Эх сурвалж: PEOPLE