Израилийн арми Газын зурвас дахь Хамасын эсрэг үйл ажиллагаагаа өргөжүүлж байна хэмээгээд хуурай замын дайралтаа эрчимжүүлсэн гэв. Тус бүс нутагт халдлага, дэлбэрэлтүүд удаа дараа гарч, Израилийн байлдааны онгоцууд хүчтэй цохилт өгсөөр байна.
Израилийн эрх баригчид “Хамас бүлэглэлийг газрын хөрснөөс арчина” гэж мэдэгдэж байсан удаатай. Харин Хамасын зүгээс Газын хойд хэсэгт мөргөлдөөн эрчимжиж буйг мэдэгдэж, Израилийн зарим цэрэг, танк газраар нэвтэрсэн талаар мэдээллээ.
Израилийн батлан хамгаалах хүчнээс Газа хотын оршин суугчдыг аюулгүй байдлаа хангах үүднээс өмнө зүг рүү яаралтай нүүх хэрэгтэй талаар сануулсан ч харилцаа холбооны сүлжээнүүд тасалдалтай байгаа тул Газа хотын оршин суугчидтай холбогдох боломжгүй болсон юм. Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблей талуудыг нэн даруй хүмүүнлэгийн эвлэрэл бий болгохыг уриалж, Иорданы дэвшүүлсэн тогтоолд 120 улс санал өгсөн байна.
Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн хийсэн гэнэтийн халдлагаас болж Израилд 1400 хүн амь үрэгдэж, 229 хүн барьцаалагдсанаас хойш Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурвасыг зогсолтгүй бөмбөгдөж байна. Харин Израилийн хариу цохилт эхэлснээс хойш Газын зурваст 7000 хүн амь үрэгдсэнийг Газын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.