Сонгууль дөхөж, улстөрчид хууль зөрчсөн төсвөө УИХ-д өргөн бариад байна. Зардлаа огцом өсгөсний цаана тэд ирэх сонгуулийн сурталчилгааны мөнгөө босгох гэж байна уу гэж ч хардаж болохоор. 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа ирэх онд манай улс 25,1 их наяд төгрөгийн орлого олж, 27,2 их наяд төгрөгийн зарлага гаргахаар байна. Төсвийн алдагдал нь 2,1 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, дутаж байгаа ийм хэмжээний мөнгийг өр тавьж л нөхөж гүйцээнэ гэсэн үг.
ХУУЛИА ЗӨРЧИЖ, ӨНДӨР АЛДАГДАЛТАЙ ТӨСӨВ БАТЛАХ ГЭЖ БАЙНА
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, МАН-ынханд хууль огт үйлчилдэггүйг харж болохоор байна. Энэ оны тавдугаар сард УИХ-аар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Үүгээр ирэх оны төсвийн орлого 21,1 их наяд төгрөг, харин зарлага нь 22 их наяд 996 тэрбум 100 сая төгрөг байхаар зааж өгсөн. Засгийн газар үүнд захирагдаж төсвөө боловсруулах ёстой. Гэвч төсвийн хүрээний мэдэгдлээ зөрчиж, сонгуулийн жилд 27 их наяд төгрөг зарлагадана хэмээн зүтгэж, байх ёстой хэмжээнээсээ бүхэл бүтэн 5 их наяд төгрөгөөр давуулчхаад байна. Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрсдөдөө зориулж дураараа өөрчилдөг юм бол, хуулиа юман чинээ тоодоггүй юм бол анхнаасаа үүнийг батлахын хэрэг юу байна вэ? Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газар нь хууль тогтоох дээд байгууллагаасаа илүү эрх мэдэлтэй болж таарав уу?
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨӨРИЙНХӨӨ ТӨРСӨН НУТАГ БУЮУ ХЭНТИЙ АЙМАГТ ДУНДЖААС ГУРАВ ДАХИН ИХ ТӨСӨВ ХУВААРИЛЖЭЭ
Ирэх онд улсын төсвөөс нийт 3,3 их наяд төгрөгийн санхүүжилт гаргаж, 1050 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний 48,5 хувь нь өмнөх жилүүдэд эхлүүлсэн, 51,5 хувь нь шинээр хэрэгжиж эхлэх төсөл байна. Үүн дотор анхаарал татах нэг асуудал нь Хэнтий аймагт сүүлийн дөрвөн жил дараалан улсын дунджаас өндөр дүнтэй төсөв хуваарилжээ. Тодруулбал, тус аймагт 2024 онд 42 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд 255 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Харин өмнөх жилүүдийн дүнг авч үзвэл, 2021 онд 125,8 тэрбум, 2022 онд 214,5 тэрбум, 2023 онд 270,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж байна.
Хэнтий аймаг бол аялал жуулчлалын гол бүс. Тэнд зам, дэд бүтэц хэрэгтэй. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө нутаг руу улсын төсвийн мөнгийг хуу хамаад явдаг нь шударга ёсонд нийцэх үү гэдэг асуудал энд гарч ирнэ. Бид жил бүр эдийн засгийн чадавх зэрэг олон үзүүлэлтээр дүгнэн байж, аймгуудын өрсөлдөх чадварын индексийг гаргадаг. Тэднийг хооронд нь өрсөлдүүлдэг. Гэвч Хэнтий аймаг жил бүр бусдаасаа давуу эрх эдэлдгийн цаана бусад аймгууд хохирч, төсвөө тэгш хуваарилах зарчим алдагдаж байна. “Аялал жуулчлал” гэх гоё үг өмнөө барьчхаад ашиг сонирхлын зөрчил гаргадаг Л.Оюун-Эрдэнийн балаг энэ жил ч мөн л давтагдаж байгааг дээрх жишээнээс харж болохоор байгаа юм.
ХӨШӨӨ НУРААЖ ТОГЛОДОГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДАХИАД Л 10 ТЭРБУМЫГ ХӨШӨӨ БОСГОХОД ТӨСӨВЛӨЖЭЭ
400 сая жуулчин Монгол руу татах мөрөөдөлтэй гэж ярьдаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2020 онд УИХ-ын гишүүн байхдаа Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө” хөшөөт цогцолборыг санаачлан бариулж эхэлсэн байдаг. Тухайн хөшөөг улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан. Гэвч олон нийтийн шүүмжлэл өрнөснөөр хөшөөг буцаан нураасан. Ингэснээр хоёр тэрбум төгрөг салхинд хийссэн юм. Гэвч тэр өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй.
Төсвийн мөнгөөр хөшөө барьдаг гажуудал өнөөдөр ч давтагдсаар байна. Тухайлбал, ирэх онд аялал жуулчлалын цогцолбор нэрийн доор 10 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Соёмбо, Жавхлант, Хүслийн хад хөшөөт цогцолбор барина хэмээн 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна. Гэтэл бүхэл бүтэн 10 тэрбумаар нь хөшөөнд мөнгө хуваарилж байх зуур улсын төсөв дээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд нэг ч төгрөгийн төсөв тавигдаагүй байна. Энэ мэтээр хөшөө барьдаг гажуудал энэ жил ч давтагдаж байна.