УИХ-ын даргын санаачилгаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар “D PARLIAMENT” цахим системийг ашиглан олон нийтээс санал авсан. Саналын тоо 100 мянга давсан учир хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болж байна. Эцсийн шийдвэрийг хууль тогтоох дээд байгууллана гаргана. Энэ талаар “Иргэн та хүч” залуусын санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбатаас тодрууллаа.
“D парламент” цахим системийг ашиглалтад оруулснаар УИХ иргэдийнхээ гаргасан саналыг хэлэлцдэг юм байна гэх ойлголтыг нийгэмд өгч чадаж байна. Монгол улсын парламентыг ард түмэн бүрдүүлдэг. Иргэд “Дөрвөн жилийн хугацаанд миний өмнөөс үнэнч шударгаар ажиллаарай гээд төлөөллийн хүнээ УИХ-д илгээдэг. Ингээд тэр хүн нийт ард түмнийхээ төлөө ажиллах тангараг өргөөд ажлаа эхэлдэг.
1992 онд батлагдсан Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх заалт дээр “Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” гэж зааж өгсөн. Энэ эрхээ шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдэлнэ гэж тусгасан. Тэгвэл өнөөдөр иргэд шууд гар утаснаасаа төрийнхөө үйл хэрэгт оролцох буюу парламент дээр гарч байгаа шийдвэрүүдэд санал бодлоо хэлэх, хэлэлцүүлэх тэр боломжийг олгож байна.
Гэхдээ нөгөө талдаа шүүмжлэх хэсэг ч бас байна. Хүн бүр өргөдөл гаргаад санал хураагаад эхлэхээр энэ чинь мөрөөдлийн жагсаалт болчих юм бишүү гэж нэг хэсэг нь шүүмжилж байна. Үүнд хоёр хариулт хэлье. Нэгдүгээрт, энэ системд нэг л сөрөг тал бий. Тэр нь айдастай явдаг, өөрийн эрх ашгаа боддог улстөрчдийн дайсан нь энэ систем болно. Хоёрдугаарт, ард түмэн ч гэсэн асуудлаа хэлэлцүүлж болдог юм шүү гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, сул тал байхгүй л гэсэн үг” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.