"Ханжоу-2022" Азийн зуны спортын пара IV наадам 21-ний өдөр бадминтоны спортын төрлөөр эхэлсэн. Энэ удаагийн наадамд Монгол улсаас 68 тамирчин спортын 14 төрөлд өрсөлдөж байна. “Ханжоу-2022” Азийн наадмын пауэрлифтингийн төрөлд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор паралимпын болон дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хүч үзэх юм.
Харин хөнгөн атлетикийн төрөлд дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор Т.Мядагмаа, Э.Өнөрмаа, П.Энхманлай, Б.Гармаабазар, Д.Саруултөгс нар хурд өрсөлдөнө. Азийн наадмаас Э.Содномпилжээ 2014 онд хүрэл, 2018 онд алтан медаль хүртэж байсан бол Э.Өнөрмаа 2018 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Тус наадам нь 22 их төрөл, 397 бага төрлийн тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодруулна. Мөн 44 улс орон, бүс нутгийн 3100 тамирчин, төлөөлөгчдийн багийн 2090 албан хаагчаар бүрдсэн нийт 5200 хүн оролцож байна.
Hаадмын галт бамбарын буухиаг өмнө нь үргэлжлүүлж Монгол Улс, Япон, БНСУ, Узбекистан, Филиппин зэрэг улсын нийт 124 хүн бамбар буухиалууллаа. Энэ буухианд Монгол Улсаа төлөөлж БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн Паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Спорт ба Эмэгтэйчүүд комиссийн дарга, доктор Насанбатын Оюунбат оролцжээ. "Ханжоу-2022" Азийн пара наадам энэ сарын 22-28-ны өдрүүдэд болно.