Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Neguun.mn сайтын эрхлэгч Л.Баяржаргал, Б.Анхбаяр, яллагдагч Л.Шинэтуяа, Г.Алтанзаяа, Б.Энхбилэг нарт холбогдох хэргийг 2023 оны аравдугаар сарын 19-ний өдөр хаалттай хянан хэлэлцлээ.
Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц дүрс бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж бусдыг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан гэх гэмт хэрэгт энэ хүмүүс холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас … сайтын хоёр сэтгүүлчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-1 (Худал мэдээлэл тараах), 17.6-1 (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх), 21.11-1 (Оргон зайлах) гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн бол Л.Шинэтуяа, Г.Алтанзаяа, Б.Энхбилэг нарыг мөн хуулийн 12.6-1 (Биеэ үнэлэхийг зохион байгуулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг нь шилжүүлсэн.
Шүүхээс яллагдагч нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Баяржаргалд 21.000.000, шүүгдэгч Б.Анхбаярт 17.500.000, Г.Алтанзаяад 16.200.000, шүүгдэгч Б.Энхбилэгт 16.200.000 төгрөгөөр торгох ял, 1 жил 5 сар зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч Л.Шинэтуяад 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Л.Шинэтуяад оногдуулсан хорих ялыг хоёр настай хүүхдийг нь гурван нас хүртэл хугацаанд хойшлуулж шийдвэрлэсэн байна.