РЕДАКЦИЙН БУС НИЙТЛЭЛ
2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Д.Сумъяабазар Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хамтарч ажиллахаар урьж байгаагаа илэрхийлжээ. “Бүр тусгайлан… Улаанбаатар хотын хөгжлийн төлөө, эдийн засгийн төлөө хамтарч ажиллах саналыг тавьж байна" гэж тэр олны өмнө мэдэгдэж байв. Энэ урилгын хариуд М.Энхсайхан охин Э.Хонгорзулаа том төсөл дээр аваачсан нь анхаарал татаж байна. “Ашиг сонирхлын зөрчил биш үү” хэмээн олон нийт ам асууж байна.
Рио Тинто Монгол ХХК нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун хэсэгт Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварлахаар төлөвлөж, 6 сая доллар зарцуулахаар төсөвлөсөн юм. Тус компани өөрийн хөрөнгөөр энэ бүхнийг хийж буй. “Рио тинто” нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ач холбогдол бүхий төслийг нөгөө л М.Энхсайханы охин удирдахаар болсон нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, хардлага дагуулаад байна.
Гол асуудал нь, ашиг сонирхлын зөрчилтэй, өмнө нь хэдэн ч удаа мөрөө үлдээж байсан М.Энхсайхан, түүний охин Э.Хонгорзул нар нийслэлийн ажлууд руу шургалж буй нь хэр ёс зүйтэй, хуульд нийцэх вэ гэж асуухад хүргэж байна.
М.Энхсайхан сайдын алба хашиж байхдаа дүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй Lexus 570 маркийн хуучин автомашиныг Тавантолгойн төслийн ажлын хэсгийн нэгжид 130 сая төгрөгөөр шахаж байсан баримт бий. Илэрхий ашиг сонирхлын зөрчил үүсгэн, 55 сая төгрөгийн хохирлыг "Эрчим хүчний яаманд учруулсан" учир Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг дагадаг байсан бол Д.Сумъяабазар түүнийг нийтийн албанд урих учиргүй байжээ. Гэвч гар бариад бугуй барина” гэгчээр М.Энхсайхан охиноо “дуудаж”, тэд том төслүүдийг “атгаж” байна.
“Рио тинто Монгол” компани өөрийн хөрөнгөөр, ач холбогдол бүхий төсөл хэрэгжүүлж буйг бид буруутгасангүй. Гагцхүү шүүхээс ял шийтгүүлсэн М.Энхсайхан хотын даргад зөвлөж, улмаар өөрийн охиноо хажуудаа авсан уу гэдэг хардлага, асуудал энд дэгдэж байна.
Иймээс ч Засгийн газрын “шүгэл ажиллагааг” хариуцаж байгаа Хууль зүйн дэд сайд Б.Солонго болон АТГ, Рио Тинто ХХК-ийн дотоод аудитад хандаж, Э.Хонгорзул-М.Энхсайхан-Д.Сумъяабазар гэсэн гурвалын үйл ажиллагааг шалгах, нягтлах шаардлагатай гэдэг шүүмжлэл ч гарч эхэллээ.