Facebook-ийн толгой компани болох Meta болон нарны шил үйлдвэрлэдэг Rayban компани нар хамтарч хиймэл оюун дээр суурилсан шинэ нүдний шил бүтээснээ танилцууллаа.
Энэхүү шил нь бичлэг хийх, дуудлага хүлээн авах зэрэг ухаалаг үйлдлүүдтэй. Шинэ бүтээгдэхүүн нь энэ сарын 17-ноос эхлэн худалдаалагдах төлөвтэй байна. Хэрэглэгчид шинэ шилээ зүүсэн байхдаа хөгжим, подкаст сонсож, мессеж явуулах боломжтой аж. Мета-гийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахдаа шилэн дотор суурилуулсан камер нь 60 секунд хүртэлх 1080 пикселтэй бичлэг хийх чадамжтайг онцолсон юм. Үүнээс өөр олон үйлдэл хийх чадвартай шинэ шилийг маш ухаалгаар зохион бүтээсэн. Тодруулбал, та гараа оролцуулах шаардлагагүйгээр “Hey Meta”-гээд араас нь юу хүссэнээ хэлэхэд л тохиргоо шууд хийгдэх юм байна.Түүнчлэн өнгө загварын сонголт олон байгаа гэнэ. Уг шилний баттерей нь 36 цаг хүртэл цэнэгээ барих чадамжтай ба үнэ нь 299 ам.доллароос эхэлж байна.
SOURCE: FOX NEWS