Израилийн арми болон Палестины эрүүл мэндийн яамны мэдээлснээр Бямба гарагт талуудын хооронд мөргөлдөөн хурцадсанаас хойш Израилд 1000 гаруй хүн, Газын зурваст 900 орчим хүн амь үрэгджээ. Энэ нь 2014 оны “50 өдрийн дайн”-аас хойших хамгийн их хүний амь үрэгдсэн мөргөлдөөн болж байна.
Газын зурваст амь үрэгдсэн хохирогчдын 260 нь буюу гуравны нэг нь хүүхэд байж. Мөн аль аль талд хэдэн мянган хүн бэртэж, шархдсан байдалтай байгаа юм. Палестины Исламын Хамас бүлэглэл Израилийн өмнөд болон төв хэсэг рүү дайрсан бол хариу цохилт болгож Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурвас руу мөн дөрвөн хоногийн өмнөөс дайрч эхэлсэн. Тэд үүнийгээ “төмөр илд” ажиллагаа гэж нэрлээд байна. Газын зурваст хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлэж, иргэд хүнс, цахилгаангүй дөрөв дэх хоногоо өнгөрүүлж байна.
Израилийн батлан хамгаалахын сайд Йоав Галлант цэргүүддээ тулааны бүрэн эрхийг нь өгсөн буюу ямар ч хориг байхгүй гэдгийг хэллээ. Тэрбээр Газын зурвасыг бүрэн бүслэхийг тушаал болгоод буй. Газын зурвас дахь Палестинчууд гарах ямар ч боломжгүй, тулааны талбарт түгжигдсэн байдалтай байна. Тодруулбал, Газын зурвас болон Египет хоорондох цорын ганц хил буюу гарц руу Израилийн хүчнийхэн мөн цохилт өгсөн. Палестинчууд энэ гарцаар л гарах боломжтой байсан гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна. Энгийн үед ч энэ гарцаар өдөртөө 400-аад хүн л орж, гарах боломжтой байдаг аж. Иймд гарах боломжгүй, гацсан байдалтай байгаа тул 200 мянга гаруй иргэн НҮБ-ын ажиллуулдаг сургуулийн байруудад хоргодож байна. Хэдий иргэд орон сууц, байрнуудын доорх нуувчинд орох боломжтой байгаа ч тухайн барилга цохилтод өртвөл амь нас нь эндэх эрсдэл их байна. Харин Израилийн хувьд хамгийн их хохирол амсаад буй хотуудын нэг бол тус бүс нутгийн өмнөд хэсэгт байрлах Ашкелон. Хамас бүлэглэлийн зүгээс тус хотын иргэдийг яаралтай гарах хугацаа өгсөн. Тэд энэ хотод үйлдсэн дайралтаа Израилын батлан хамгаалах хүчин Газын зурвас дахь олон энгийн иргэнийг онилсны хариу гэж мэдэгдээд буй. Тэд энэ анхааруулгаа өгсний дараа хэдэн арван пуужинг тус хотын дээрээс “асгасан” гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.
Гадаад нөхцөл байдал
Шинжээч, ажиглагчид Израил-Хамас бүлэглэлийн мөргөлдөөнөөс болж Палестинчуудыг орхигдуулж болохгүй гэдгийг сануулж байна. Томоохон хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа “Эмнести Интернэшнл”-ийн зүгээс Израилийг Палестинчуудад апартеид дэглэм тогтоож байна гэж буруутгадаг. Мөн мөргөлдөөн эхэлсэн цагаас Израилийн холбоотон болох АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израилийг дэмжиж буйгаа илэрхийлж, тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа ч тус улсын томоохон хотуудад Израилийн Газын зурвас дахь халдлагыг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд өрнөлөө. Нью-Йорк, Лос-Анжелес, Чикаго тэргүүтэй хотуудад олон нийтийн хөдөлгөөн өрнөж, Израилд болж буй эмгэнэлт явдлаас болж Палестины “жинхэнэ” түүхийг орхигдуулахгүй байхыг уриалж, дуугарч эхэлсэн байна. Тэд Газын зурвасыг олон жил бүсэлсэн Израилийг зогсохыг шаардаж, “Палестиныг чөлөөл” гэсэн утгатай уриа лоозон барьжээ. Гэхдээ жагсагчид Хамас бүлэглэлийг Израилийн энгийн иргэдийг онилсонд буруутгаж байгаа юм.
SOURCE: AL JAZEERA, NBC NEWS