“Ханжоу-2022” Азийн XIX наадам БНХАУ-ын Ханжоу хотод 09 дүгээр сарын 23-ны өдөр хөшгөө нээж өчигдөр буюу 10-р сарын 08-ны өдөр өндөрлөлөө. Энэхүү наадмыг манай улсын баг тамирчид 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл нийт 21 медальтайгаар өндөрлүүлж байна. Монголын баг тамирчдын медалийн анхны салхийг хийн урт бууны 10 метрийн дасгалд эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртсэнээр хагалсан билээ.
“Ханжоу-2022” Азийн наадам цар тахлын улмаас бүтэн нэг жил хойшлогдож 2023 онд зохион байгуулагдсан нь энэ юм. Энэ удаагийн Азийн наадам хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, хамгийн олон орны баг тамирчдыг оролцуулсан, хамгийн шилдэг техник технологи, инновацын дэвшлийг гайхалтайгаар харуулснаараа онцлог боллоо. Монгол улсаас “Ханжоу” Азийн наадамд спортын 34 төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаны гээд нийт 520 хүний бүрэлдэхүүнтэй том багаа илгээсэн юм. Монголын баг тамирчид анхлан “Тегеран-1974” Азийн наадмаас хөл тавин оролцож эхлээд ийн тасралтгүй 12 дахь шар тивийн наадамдаа өрсөлдлөө.
Монгол улсын баг тамирчид буудлага, жүдо, чөлөөт бөх, бокс, байт харваа, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, и-спортын дота2 гэсэн төрлүүдэд медалийн тавцанд зогслоо.
Эдгээрээс анхны тодотголтой амжилтуудыг дурьдвал:
- Байт харвааны ганцаарчилсан төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Отгонболд аваргын алтан медаль хүртсэн нь монголын харваач Азийн наадмын түүхэнд тэр дундаа энэ төрөлдөө анхны түүхийг шинээр бичиж байна.
- Мөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгө, и-спортын дота2 төрөлд мөнгөн медаль хүртсэн нь багийн спортоор анхлан Азийн наадмаас зүүж буй амжилт бөгөөд эзэн орны баг тамирчдыг буулган авсан нь гол чухал үзүүлэлт байсан юм.
- Усанд сэлэлтийн ОУХМ Б.Энххүслэн манай улсын усанд сэлэлтийн тамирчдаас анхлан Азийн наадмын түүхэнд финалд шалгарч чадсан нь ирээдүйд энэ төрөлд боломж бий гэдгийг харууллаа.
- Үүгээр ч зогсохгүй 1990 оноос хойш тасалдаад байсан засмал замын дугуйн спортын медалийг 3 жилийн дараа С.Жамбалжамц эх орондоо авчирч чадлаа.
- Монголын хөнгөн атлетикийн тамирчид үндэсний хоёр ч рекорд дээд амжилт тогтоож, харин усанд сэлэгчид улсынхаа 11 дээд амжилтыг тус тус шинэчлэн тогтоолоо.
Монголын 13 шүүгч спортын 12 төрлийг шүүн дэнсэлж ажиллав.
Азийн XIX наадамд БНХАУ-ын зүгээс 14 цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж байгуулсан юм. Мөн тэмцээн уралдааны төрлүүдийн өрсөлдөөн явагдаж байсан нийт 44 цэнгэлдэх хүрээлэнгийн 30 нь хуучин баригдсан байв. Мөн тамирчдын тус наадмын “Шинэлэг” үзэл баримтлал нь уламжлалт тамирчдын тосгонтой зэрэгцүүлэн медиа тосгон буюу “Сэтгүүлчдийн байрлах байр”, мөн техникийн албаны хүмүүсийн тосгон гээд нийт 20 мянган хүний багтаамжтай байруудыг нэг орон зайд нэгтгэн бүтээн байгуулсан нь анхны тохиолдол байлаа. БНХАУ-ын Номхон Далайн Даатгалын компани “Ханжоу-2022” Азийн наадмыг 41 тэрбум ам.доллараар даатгажээ. Азийн наадмыг 45 орны спортын 5000 гаруй сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач, зурагчин газар дээрээс нь сурвалжлан ажиллав.
“Ханжоу-2022” Азийн XIX наадмыг зохион байгуулагч эзэн орон буюу БНХАУ-ын баг 201 алт, 11 мөнгө, 71 хүрэл нийт 383 медальтайгаар тэргүүллээ. Удаах байруудад Япон 52 алт, 67 мөнгө, 69 хүрэл, БНСУ 42 алт, 59 мөнгө, 89 хүрэл медальтайгаар эхний гурван байрт бичигдлээ.
Азийн ХХ наадам 2026 онд Япон улсын Нагояа хотод болох юм. Ийнхүү БНХАУ-ын зохион байгуулагчдаас ирэх Азийн наадмыг зохион байгуулах тугийг Японы Олимпын хорооны хамт олон албан ёсоор гардан авч байна.
Фото зургийг: Э.Харцага