БНСУ-д хүүхэд хүчирхийлсэн хэрэгт тухайн хэргийн нөхцөл байдал, хяналт шалгалтаас шалтгаалж өгөх ял нь өөр өөр байдаг ч 10-30 жилийн ял гэмт хэрэгтэнд ногдуулах нь түгээмэл.
Тус улсад хамгийн сүүлд тохиолдсон, олон улсын анхаарлыг татсан хэрэг бол “Чо Ду Сон”-ы хэрэг юм. Энэ хэргийн талаарх 2013 онд гарсан “Итгэл найдвар” хэмээх кино ч бий. Хэрэг 2008 онд болсон бөгөөд Чо Ду Сон найман настай охиныг ойролцоох сүмийн ариун цэврийн өрөөнд хүчирхийлсэн юм. Энэ хэргээс хойш БНСУ-ын иргэд хуулиа чангатгахыг засгийн газраасаа шаардаж, нийгэмд томоохон шуугиан дэгдээж байв.
Чо Ду Сонд 15 жилийн ял ногдуулсан байсан ч хэрэг үйлдэхдээ согтуу байсан гэх шалтгаанаар 12 жил болгож багасгасан нь иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж байсан юм. Энэ явдлаас хойш 12 жил өнгөрч, 2020 оны 12-р сард гэмт хэрэгтэн шоронгоос суллагдахад Солонгосчууд түүний сууж явсан машиныг бүчиж, эсэргүүцэл, зэвүүцлээ хүчтэй илэрхийлсэн билээ. Тэрбээр суллагдсанаасаа хойш хуучин амьдардаг байсан газрынхаа ойролцоо нүүж ирсэн бөгөөд эргэн тойрныхон, хөршүүд нь түүнийг нүүн ирж байгааг эсэргүүцэж, айдас түгшүүртэй байгаагаа илэрхийлсэн байдаг.
Гэхдээ хуулийн дагуу түүний нэр, зураг, гэмт хэргийн талаарх мэдээлэл, гэрийн хаяг нь тус улсын Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн яамны харьяа хүчирхийлэгчдийг мэдээлдэг тусдаа вэбсайт дээр суллагдсанаас нь хойш таван жилийн турш байрлана. Мөн тэрбээр шагайндаа байршил тогтоогч хяналтыг долоон жилийн турш зүүх ёстой. Хуулийн дагуу гэмт хэрэгтэн хохирогчоос 100 метрийн зайд л хол байх ёстой байдаг нь БНСУ-д мөн л шүүмжлэл дагуулж байсан. Хохирогч охины аав охин нь одоог хүртэл бие махбодь болон сэтгэлзүйн хувьд том шархтай үлдсэнийг сэтгүүлчдэд хэлж байсан юм. Хэрэг гарах үед болон хэрэгтнийг суллагдах үед БНСУ-ын сөрөг хүчний хууль тогтоогчид хуулийн заалтыг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах хэд хэдэн санал гаргасан ч батлагдаагүй байна.
SOURCE: KOREAHERALD, BBC