АНУ өнгөрсөн онд Иранаас хураан авсан 1.1 сая орчим сумыг Украин руу илгээсэн гэж тус улсын арми мэдэгдлээ. Ойрхи Дорнод дахь ажиллагааг хянадаг АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал буюу “Centcom” арванхоёрдугаар сард Йемен рүү явж байсан хөлөг онгоцноос зэвсгийг хураан авсан гэсэн юм.
Тодруулбал, энэ зэвсгийг анх арванхоёрдугаар сарын 9-нд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин MARWAN 1 нэртэй харьяалалгүй хөлөг онгоцноос хураан авсан. Барууны холбоотнуудын зэвсэг үйлдвэрлэл Украины дайн дахь хурдыг бүрэн гүйцэж чадахгүй байгаа тул ийм арга хэмжээ авч байна гэж шинжээчид таамаглаж байна.
“Centcom”-ийн мэдээлснээр Иранаас хурааж авсан зэвсгийг Даваа гарагт Украинд шилжүүлсэн байна. АНУ-ын засгийн газар долоодугаар сард “Хэрэв аливаа өмч хөрөнгийн эзэн гэмт хэрэгт холбогдсон бол тухайн хөрөнгийг хурааж авч болдог” процессын дагуу зэвсгийг хурааж авсан аж. Энэ тохиолдолд уг процесс АНУ, Иран, Исламын хувьсгалын гвардын корпусын эсрэг ашиглагдсан гэсэн үг. Centcom мэдэгдэлдээ "АНУ холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтарч, тус бүс нутаг дахь Ираны үхлийн аюултай зэвсгийн урсгалыг сөрөн зогсоно" гэжээ.
Йемений иргэний дайнд Иран улс Хути босогчдыг дэмжиж байгаа ч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2015 оны тогтоолын дагуу тус бүлэглэлд зэвсэг шилжүүлэхийг хориглосон байдаг. Йемений иргэний дайн нь 2014 онд Хутичууд нийслэл Санаа хотыг хяналтдаа авч, тус улсын засгийн газрыг буулгаснаар эхэлсэн юм. Буусан засгийн газар нь Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх баригч хэвээр байгаа бөгөөд Саудын Араб тэргүүтэй бүс нутгийн улс орнууд, мөн АНУ, Их Британийн эвслийн дэмжлэгтэйгээр ажиллаж байна. Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас хойш Ираныг Украины дайнд ашиглахын тулд ОХУ-д зэвсэг, ялангуяа нисгэгчгүй онгоц нийлүүлсэн гэж удаа дараа буруутгаж байсан. Даваа гарагт болсон Варшавын аюулгүй байдлын чуулганаар барууны орнууд Украинд сум нийлүүлэх тухай хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр НАТО-гийн Цэргийн хорооны дарга Адм Роб Бауэр “торхны доод хэсэг одоо харагдаж эхэллээ” гэсэн юм.Үүгээр тэрбээр НАТО-гийн хөрөнгө оруулалт дутман байсан тул зэвсгийн нөөц нь хомстож байгааг илэрхийлсэн байна.
Тодруулбал, дайн дөнгөж эхэлх үеэс л НАТО-гийн орнуудын зэвсгийн нөөц тал хувьдаа, зарим нь “хоосон шахуу” байсан гэжээ. Түүнчлэн 30 жилийн турш босгосон эдийн засаг нь өдгөө олон зүйлд хангалттай ч дайн болж байгаа цаг үед зэвсэгт хүчинд хүрэлцэж чадахгүй байгаа талаар онцолсон.
Тиймээс засгийн газрууд болон зэвсэг үйлдвэрлэгчид "үйлдвэрлэлээ илүү өндөр хурдаар нэмэгдүүлэх" хэрэгтэй гэдгийг сануулжээ.
Эх сурвалж: REUTERS