Бразилын Шинжлэх ухаан, технологи, инновацын яамны харъяа Мамирауа хүрээлэнгийн мэдээлснээр нутгийн хөхтөн амьтад болон загас ихээр байдаг Тефе нуурын орчмоос үхсэн далайн гахай байнга олдох болжээ. Тус хүрээлэнгээс цацсан бичлэгт далайн эрэг дээрх далайн гахайн сэг зэмийг түүж буй тас шувууг харуулсан байна.
Мөн олон мянган загас үхсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар усны температур нэмэгдсэн нь усны амьтад ингэж олноор үрэгдэхэд нөлөөлсөн аж. Тефе нуурын бүс нутагт өнгөрсөн долоо хоногоос хойш агаарын температур 39 хэмээс давсан байна.
Бразилын засгийн газраас өнгөрсөн долоо хоногт малын эмч, хөхтөн амьтдын судлаачдаас бүрдсэн багийг тус бүс нутаг руу илгээжээ. Тефе нуурт 1400 орчим далайн гахай байдаг гэх тооцоо бий. Харин үүнээс 120 гаруй нь үрэгдсэнээр нийт далайн гахайн 5-10 хувь нь болж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт гамшгийн түвшинд хэдийн нүүрлэсэн гэдгийг уг бүс нутгийн иргэд хэлж байна.
Эх сурвалж: FRANCE 24