УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны эхэнд хүүхдийн эрхийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Хүүхдийн эрхийн талаар нийгмийн ёс зүйг эрүүлжүүлэх нь маш чухал байна. Үүний тулд хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон хүүхэд хамгаалах тухай хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ноогдуулах ялын бодлогыг чангатгах хэрэгтэй байна. Ямар нэг өршөөл, уучлалд хамруулдаггүй байх хэрэгтэй байна. Ийм эрх зүйн шинэчлэлтийг хийж болно гэж бодож байна.
Хүний наймааны 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найман хэрэг нь хүүхэдтэй холбоотой байна. Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод хоёр хонолоо.
Нийгмийг айдаст автуулаад буй гаж донтон, хүүхдийн эрх зөрчигчидтэй хатуу хариуцлага ярих хэрэгтэй. УИХ хууль болгонд хүний эрхийг “амин сүнс” болгоно гэж тунхагласан. Хүний эрх хүүхдээс эхэлнэ. Хүүхэд ямагт нэгдүгээрт байх ёстой. Энэ ажилд УИХ-ын гишүүд онцгой анхаарлаа хандуулж, хүүхэд хамгааллын төлөө хүсэл зоригоо нэгтгэж, өнөө маргаашийн дотор бид энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.