Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгч байна. Тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй юм.
Тэрбээр “Монгол эр хүний хувьд, ёс зүйн өндөрлөгөө бариад уучлал гуйж байна. Процесс дээр нь асуудал үүсэж, алдаа гарсан юм байна. Ард иргэдийнхээ санаанд нийцвэл авна. Нийцэхгүй бол буцаана гэсэн байр суурьтай байсан шүү. Иргэдтэйгээ би санал байгаа.
Хотод дутагдаж байгаа 753 автобус бий. Бид захиалагчийн хяналтаа дутуу хийсэн асуудлууд байсан юм билээ. Намайг дэмжиж, хурцалж ирсэн хүн бүхэнд талархлаа илэрхийлье. Хатуу хөтүү ч гэсэн шүүмжлэлийг би эрүүл ухаандаа багтааж явдаг байсан. Намайг дэмжиж ажиллаж ирсэн төрийн албан хаагчдадаа, хотын иргэддээ талархаж байгааг минь хүлээж аваарай. Хотын ажил, амьдрал тасралтгүй явах ёстой.
Хотын даргын ажил үнэхээр хүнд юм билээ шүү. Би сайдаар ч, гишүүнээр ч ажиллаж байсан. Маш олон хүний ашиг сонирхол байдаг хүнд ажил юм. Дараагийн удаад томилогдох хотын даргаа хүн талаас нь хайрлаж, шахаж шүүмжилж ажиллаарай гэж хүсье. Эр хүнийхээ мөн чанарыг бариад дахин дахин уучлал хүсэж байна. Би цэвэр өөрийнхөө хүсэлтээр ёс зүйн хариуцлагаа хүлээж байна.
Би Монгол улсын аварга хүн. Ингэж дуудуулах тийм дархан эрхтэй хүн. Ард түмний хүндэлийг би бодох ёстой. Үүнд улстөрийн шахалт огтоос байхгүй. Хүмүүсийг залхаагаад, жагсаагаад байх сонирхол надад алга. Дэмжиж ажилласан та нартаа баярлалаа.
Мөн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Та Нийслэлийн намын хороог удирдах уу?
Нийслэлийн намын хороог би байгуулсан. Тэр ажил явдгаараа л явна. Улстөрийн албан тушаалаа үргэлжлүүлж хашна. Би 2020 онд Нийслэлийн намаа ганцаараа удирдаж орсон. 45 хүн нэр дэвшихэд 75,6 хувь нь залуучууд нэр дэвшиж байлаа. Дандаа шинэ хүнийг би нэр дэвшүүлж байлаа.
Та тансаг хаус, газартай юу?
Туул голоос хойш байдаг нь хотын газар. Харин Туул голын урд байдаг нь Байгаль орчны яамны газар. Тийм учраас үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Надад 0,07 газар ч байхгүй. Зуслангийн газар ч байхгүй. Би Улаанбаатар хотдоо хайртай. Би хотынхоо нэрээр овоглож байж Монгол улсын аварга цол авсан. 1,6 сая хүн Алтан тэвшийн хөндийд бүгдээрээ л бухимдаж байна. Гэхдээ гэрэл гэгээтэй талаас нь бас харах ёстой” гэлээ.