Хоёр сарын өмнө АНУ-ын Конгресст тус улсын агаарын цэргийн хүчний тагнуул байсан албан тушаалтан АНУ 1930-аад оноос сансар судлалын салбартаа “хүн бус” зүйлсийн талаар судалгаа хийж байсныг илчилсэн.
Тэгвэл энэ долоо хоногт энэ сэдэв Мексикийн конгресст дахин давтагдлаа. Мексикийн сэтгүүлч Хосе Хайме Мауссан Перугаас олдсон байж болзошгүй “мумми” шиг хоёр биетийг хайрцганд хийж, конгрессийн гишүүдэд танилцуулсан байна. Тэд үүнийг "манай хуурай газрын хувьслын нэг хэсэг биш буюу хүн биш" гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Уг биетийн толгой нь үрчийсэн арьстай мэт байсныг хэвлэлүүд онцолж байна. Гэхдээ одоогоор эдгээр биетийг “харь гарагийнхан” гэж үзэхэд эрт байгаа гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Эдгээр биетийн түүх нь угтаа 2017 оноос эхтэй юм байна. Тодруулбал, уг биетүүд Перу дахь Наска элсэн цөлөөс, газрын гүнээс олдсон аж. Наска цөл нь өнгөрсөн зуунаас олны анхаарлыг, тэр дундаа археологчдын сонирхлыг ихээр татаж ирсэн нууц ихтэй газар гэж сонирхогчид үздэг. Хосе Хайме Мауссан 2017 онд ч гэсэн Перуд төстэй зүйлийн талаар хэлж байсан боловч тухайн үед Перугийн прокурорын албанаас уг биетүүд нь “хүний арьсыг цаас, цавуугаар дуурайлгаж хийхийг оролдсон хүүхэлдэйнүүд” гэж мэдэгдэж байсан юм. Албаныхан дээрх биетүүдийг хүн хийсэн ба судлаачдын таамаглаж байгаа шиг “харь биет” гэх мэдээлэл мөн өгсөн. Тухайн үед уг биетүүдийг хэвлэлийнхэнд ил болгоогүй тул саяхны Мексикийн конгресст танилцуулсан биетүүд мөн эсэхийг мэдэх боломжгүй байна.
Эх сурвалж: ABC